TheMongoliaTime

ФОТО: "Туул голоо хамгаалъя" иргэдийн хөдөлгөөнийхөн хотын дарга Х.Нямбаатарыг огцрохыг шаардлаа

2026-03-27 - 08:03

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахын тулд Туулын хурдны замыг барьж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Харин энэхүү төсөл нь байгаль орчин хөнөөлтэй, нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэрийг үгүй хийх өндөр магадлалтай хэмээн хэсэг иргэн өнгөрсөн долоо хоногийн Бямба гарагаас эсэргүүцлээ илэрхийлсээр байна. Гэвч нийслэлээс үйл ажиллагаагаа зогсоохгүй байгаа тул Хотын дарга Х.Нямбаатарт хариуцлага тооцож, огцруулахыг шаардан Засгийн газарт өнөөдөр хандлаа. Иргэн О.Ариунбилэг "Усны судалгаанд оролцсон гэсэн хоёр ч хүн үүнд оролцоогүй гарын үсгийг маань хуурамчаар дуурайсан байна гэж мэдэгдсэн. 2.3 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй төсөлд хүний гарын үсгийг хуурамчаар бичнэ гэдэг нь эрүүгийн гэмт хэрэг. Хуурамчаар хүний гарын үсэг дуурайлгаж зурсан, Усны Газрын ямар ч дүгнэлтгүй байгаль орчны нарийвчилсан үнэлгээг нь Байгаль орчны яамны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл хүлээж авсан нь Байгаль орчны яам маш хариуцлагагүй ажиллаж байна гэсэн үг. Эдгээр нь Засгийн газарт шууд хамаатай" хэмээв. Түүнчлэн иргэн Г.Мөнх-Эрдэнэ "Өнгөрсөн долоо хоногт иргэд бид болон төрийн өндөр албан тушаалтнууд өөрсдөө хувь хувьд судалгаа хийж Х.Нямбаатарыг тодорхойгүй нууцлаг энэ төслөө зогсоочих гэж хүн ёсны үүднээс найрсгаар шаардсан боловч Х.Нямбаатар, түүний баг шөнө нууцаар Туулын бургасыг хядсаар байгааг бүгд харлаа. Өнөөдрөөс "Туул голоо хамгаалъя" иргэдийн хөдөлгөөн дараагийн шатандаа орж, Х.Нямбаатарын хүсээд байгаа улс төрийн акцыг эхлүүлж, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байна" гэлээ. Иргэд "Түгжрэл буурахад түй ч нэмэргүй төсөл", "Ус үгүй бол хот үгүй, иргэд үгүй бол дарга үгүй", ""Дураараа дургиж, Туул голоороо наргиж байна" гэх зэргээр эсэргүүцлээ илэрхийлсэн бичиг барин жагсав. ФОТО:

Share this post: