TheMongoliaTime

Б.Батхүү: Харилцагч баян бол банк баян

2026-03-04 - 02:36

Санхүүгийн салбарт 30 жил ажилласан Б.Батхүүтэй хийсэн нээлттэй ярилцлага. Б.Батхүү хэвлэлд тэр бүр ярилцлага өгдөггүй. Тиймээс түүнтэй уулзаж, алтны ханш, мөнгөний бодлого, банкны өрсөлдөөн, Монголын эдийн засгийн талаар илэн далангүй ярилцах боломж олдсон нь сонирхолтой байлаа. Яриа нь онол биш, бодит туршлага дээр суурилсан, энгийн хэр нь гүн утгатай байсан. - Та эхлээд өөрийгөө танилцуулахгүй юу? - Намайг Батхүү гэдэг. Банк, санхүүгийн салбарт 30 гаруй жил ажиллаж байна. Валют, алтны арилжаа, банкны дотоод системийн шинэчлэл гээд олон чиглэлд ажилласан. - Таныг унц алт 1860 ам.доллар байх үед 3000 давна гэж урьдчилан хэлж байсан гэсэн. Яаж таамаглав? - Эдийн засаг ойлгоход энгийн. Мөнгө болон бараа, үйлчилгээ гэсэн хоёр зүйл дээр тогтдог. Хэрэв мөнгөний нийлүүлэлт огцом өсвөл бараа, үйлчилгээний үнэ өсөж, мөнгөний ханш суларна. Монгол улсын инфляц дан ганц төгрөгийн нийлүүлэлтээс болоогүй Ковидын үед (2020–2022) Federal Reserve System-ийн баланс ойролцоогоор 4.2 их наядаас 9 их наяд доллар болж тэлсэн. Энэ нь ойролцоогоор 5 их наяд ам.долларын тэлэлт буюу зах зээлд их хэмжээний нэмэлт мөнгө нийлүүлсэн гэсэн үг. Үүн дээр мөнгөний үржүүлэгчийн нөлөө орж, эдийн засаг дахь мөнгө (M2) 21 их наяд доллар орчимд хүрсэн. Төв банк 1 нэгж мөнгө нийлүүлэхэд банкны системээр дамжин 4–5 нэгж болж тэлдэг. Энэ нь зээл–төлбөр–хадгаламжийн гинжин урсгалаар явагддаг. Жишээлбэл, нэг банкнаас олгосон зээл өөр банкны харилцагчид шилжиж, дахин хадгаламж, дахин зээл болж үрждэг. Ийм хэмжээний мөнгөний тэлэлт урт хугацаанд төгрөг болон ам.долларын худалдан авах чадварт зайлшгүй нөлөөлнө. Тиймээс бодит хөрөнгө, ялангуяа алт өсөх суурь нөхцөл бүрдсэн гэж үзсэн. Ийм хэмжээний мөнгөний тэлэлт (ойролцоогоор 21 их наяд ам.долларын M2) нь бодит хөрөнгийн үнийн дарамтыг нэмэгдүүлнэ. Тиймээс алт 3000 ам.доллар давна гэж үзсэн. - Та өөрөө алтны зах зээл дээр ажиллаж байсан гэсэн? - Тийм. Би олон улсын зах зээл дээр AIG-ийн дилерүүдэд шууд захиалга байршуулж, өдөрт дунджаар 22 мянган унц алт арилжаалж байсан. Өнөөгийн ханшаар бол 100 гаруй сая ам.долларын дүнтэй тэнцэнэ. Нэлээд их хэмжээний ашиг хийсэн. Нэг удаа AIG Asia-д 50,000 унцын захиалга оруулахад тухайн бүсийн зах зээл дээр шууд нийлүүлэлт хангалттай байгаагүй. Тиймээс Лондоны зах зээл нээгдэхийг хүлээж, тэндээс нийлүүлэлт орж ирсний дараа гүйлгээ биелсэн. Том дүнтэй захиалга бол бүс нутгийн хэмжээнд тэр дороо бүрэн гүйцэтгэгдэхгүй үе бий. Алт 10 ам.доллароор хөдөлбөл л хэдэн зуун мянган ам.долларын зөрүү гарна. Ийм орчинд таамаг биш, тооцоо л ажилладаг. Эрсдэлийг удирдаж чадахгүй бол зах зээл дээр удаан тогтох боломжгүй. - Одоо алтны ханш хэд хүрэх бол? - Алтыг химийн аргаар үйлдвэрлэх боломжгүй. Нөөц нь хязгаартай. Харин мөнгийг бол төв банк шийдвэл хэдэн их наядаар нь нэмэгдүүлж чадна. 1999 онд алтны ханш бараг 250 ам.доллар хүртэл унаж байсан үе бий. Тэр үед алт үйлдвэрлэлд харьцангуй бага хэрэглэгддэг, хөрөнгө оруулалтын сонирхол сул байсан. Өнөөдрийн нөхцөл өөр. Нэгэнт их хэмжээний мөнгө хэвлэгдэж, зах зээлд орсон тул алт 4000 ам.долларын түвшнээс доош буухгүй гэж харж байна. Харин 5000 ам.доллар давсан нь одоогийн зах зээлийн нэмэлт хүчин зүйлсийн нөлөө. Үүнд Холбооны нөөцийн банкны бодлого, инфляцын хүлээлт, дайн болон геополитикийн эрсдэл зэрэг багтана. Өөрөөр хэлбэл 4000 орчим нь суурь үнэлгээ, түүнээс дээш хэсэг нь одоогийн орчны нөлөө. Тиймээс өдрийн хөдөлгөөнийг харахаас гадна урт хугацааны чиглэлийг хамтад нь авч үзэх хэрэгтэй. Гэхдээ зах зээлийг хоёр түвшинд ойлгох хэрэгтэй. Нэгдүгээрт, суурь хүчин зүйлүүд бий — мөнгөний нийлүүлэлт, бодит хөрөнгийн эрэлт, урт хугацааны инфляц. Хоёрдугаарт, богино хугацаанд ханшид нөлөөлөх шийдвэрүүд байдаг — төв банкны хүүгийн зарлал, инфляцын тоо, геополитикийн нөхцөл байдал. - Гадаадын банкууд орж ирэх тал дээр та юу бодож байна? - Гадаадын банкууд орж ирэх нь цаг хугацааны асуудал болов уу. Асуулт нь бид бэлэн үү гэдэг дээр байна. Миний харж байгаагаар Монголын банкны салбарт гурван удаа бодит, институцийн чанартай том өөрчлөлт хийгдсэн. Эхнийх нь олон улсын core banking систем буюу Австралийн FNS системийг хэд хэдэн банк нэвтрүүлэхэд зөвхөн программ биш, түүнтэй хамт бүтээгдэхүүн, үйлчилгээ, дотоод процесс өөрчлөгдсөн. Дараагийн шатанд Норвегийн банкнуудын оролцоотой төсөл хэрэгжиж, дотоод хүүгийн систем болон бусад санхүүгийн дэд бүтэц шинэчлэгдсэн. Энэ нь ганц банканд хийгдээд зогсохгүй, салбарын хэмжээнд нөлөөлсөн. Харин хамгийн гүнзгий, бодит өөрчлөлт бол ING банкны техник туслалцааны хөтөлбөр байсан. Энэ төслийг ХХБ хэрэгжүүлсэн. Төв оффисоос нарийн мэргэжлийн хүмүүс ирж, чиглэл бүрээр ажилласан. Хоёр долоо хоног ажиллаад буцна, дараа нь дахин ирж ахицыг шалгана. Ийм маягаар жил гаруй үргэлжилсэн. Зөвхөн программ нэвтрүүлээгүй, бүтэц, процесс, хариуцлагын тогтолцоог бүхэлд нь өөрчилсөн. Тэр ч байтугай төслийн хүрээнд ING өөрөө Английн мэргэжлийн компани хөлсөлж, банкны дотоод бүтэц, зохион байгуулалтыг шинээр зуруулж байсан. Ийм түвшний институцийн шинэчлэл сүүлийн жилүүдэд дахин хийгдээгүй гэж хэлж болно. Тиймээс гадаадын банкнуудтай өрсөлдөнө гэвэл ганц нэг гадаад мэргэжилтэн авчрах хангалтгүй. Жинхэнэ өөрчлөлт бол систем, бүтэц, ур чадвар дээр суурилдаг. Нэг их наядаас давсан актив хөрөнгөтэй банкууд харилцагчийн хөрөнгө, санхүүгийн чадавхыг бодитоор өсгөх Техник туслалцааны хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэгтэй. - Техник туслалцааны хөтөлбөр хэрэгжүүлэхэд юуг хамгийн түрүүнд анхаарах ёстой вэ? - Хамгийн түрүүнд хүлээн авч, хэрэгжүүлж чадах баг хэрэгтэй. Гадаадаас зөвлөх ирээд заагаад өгнө. Гэхдээ дотоод баг ойлгож, үргэлжлүүлж авч явах чадваргүй бол тэр өөрчлөлт тогтдоггүй. Дараа нь дотоод соёл, бүтэц бэлэн байх ёстой. Шинэ систем, шинэ технологи нэвтрүүлэхэд зөвхөн программ солигддоггүй. Процесс, хариуцлага, ажиллах арга барил хамт өөрчлөгдөнө. Байгууллага тэр өөрчлөлтийг даах чадвартай байх хэрэгтэй. Хамгийн чухал нь мэргэжлийн боловсон хүчин. Урт хугацааны хөтөлбөрийг ойлгож, хэрэгжүүлж, хамгаалж авч явах хүмүүс байхгүй бол техник туслалцаа түр зуурын л үр дүн өгнө. Өнөөдөр зөвхөн банк гэлтгүй олон салбарт нарийн мэргэжлийн, гүн ур чадвартай хүмүүс цөөхөн байна. Ерөнхий мэдлэг хангалттай байж болох ч системийн түвшинд өөрчлөлт хийх чадвар бол өөр зүйл. - Банкууд өрсөлдөөнд бэлэн бус байна гэсэн үг үү? - Урт хугацааны, гүнзгий өрсөлдөөний хувьд бэлэн байдал хангалттай биш гэж хэлж болно. Одоогийн өрсөлдөөн ихэвчлэн нэгнийхээ харилцагчийг татахад чиглэж байна. Хадгаламжийн урамшуулал, сугалаат аян, картын маркетинг гэх мэт арга хэрэгсэл давамгайлж байгаа. Энэ төрлийн өрсөлдөөн нь түр зуурын нөлөөтэй. Харин урт хугацааны ялгаа тэнд үүсэхгүй. Гэтэл жинхэнэ өрсөлдөөн өөр газар байдаг. Харилцагчийн орлогыг өсгөж чадаж байна уу, урт хугацаанд үнэ цэнэ бий болгож байна уу, системээ орчин үеийн түвшинд хүргэж байна уу гэдэг дээр ялгаа гарна. Тэнд л бодит өрсөлдөөн явагддаг. - Манай улсын эдийн засагт юу хийвэл дээр гэж та бодож байна вэ? - Нэг анхаарах ёстой зүйл бол компанийн засаглалын орчин. Жишээлбэл, хувьцааны ангиллыг илүү уян хатан болгох боломж бий. Энгийн хувьцаанаас гадна А, Б, В серийн хувьцаа гэх мэт ангилалтай болговол хөрөнгө татах бүтэц илүү олон хувилбартай болно. Зарим тохиолдолд тодорхой серийн хувьцаа нь саналын эрхээр давуу байж болно, эсвэл эсрэгээрээ эдийн засгийн ашиг нь өндөр боловч удирдлагын эрх нь хязгаарлагдмал байж болно. Ийм нарийвчилсан зохицуулалт нь компанид хөрөнгө оруулалт татах, өсөлтөө хурдасгах боломж өгдөг. Олон улсын гарааны компаниуд ийм бүтэц ашиглаж хурдан өссөн жишээ олон. Харин “их мөнгө гаргасан хүн заавал их эрхтэй байх ёстой” гэсэн хандлага давамгайлбал удирдлагын тогтвортой байдал, урт хугацааны стратегид сөргөөр нөлөөлөх тал бий. Цаашлаад Монголын компаниуд технологийн том өөрчлөлттэй нүүр тулна. Жишээлбэл, старлинк интернетийн үйлчилгээ гарч ирэхэд уламжлалт харилцаа холбооны компаниудад дарамт үүснэ. Криптовалют, финтек шийдлүүд банкны салбарт нөлөөлнө. Алсын зайн оношилгоо хөгжвөл эрүүл мэндийн үйлчилгээний бүтэц өөрчлөгдөнө. Өөрөөр хэлбэл салбар бүр гаднаас шинэ тоглогчтой тулгарна. Тиймээс бүтэц, засаглал, өрсөлдөх чадвараа урьдчилж бэлдэх шаардлагатай.

Share this post: