TheMongoliaTime

Х.Эрдэнэтулга: Гэмт хэрэг ярьдаг юүтүб сувгуудыг хүүхдийнхээ утаснаас хязгаарлахыг зөвлөе

2026-03-18 - 07:13

"Because I am a boy" 1,000 хөвгүүдийн чуулган Соёлын төв өргөөнд өнөөдөр болж байна. Энэхүү арга хэмжээ нь нийгэмд тогтсон "Эрэгтэй хүүхэд хатуу чанга байх ёстой" гэх хэвшмэл ойлголтыг өөрчлөх, хөвгүүдийн сэтгэл зүйн боловсрол болон тэдний өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэр гаргах түвшинд хүргэх зорилготой аж. Чуулганы үеэр "Асуудлыг даван туулах нь" сэдэвт илтгэлийг ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Х.Эрдэнэтулга танилцуулсан юм. Түүнээс тодруулахад "2025 онд хүүхэд хохирсон болон хүүхэд үйлдсэн гэмт хэрэг улсын хэмжээнд 17 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа. Эндээс юу харагдаж байна вэ гэвэл гэмт хэргийг хэсэг бүлэг хүүхдүүд үйлдэж байна. Гэмт хэргийн өсөлтөд хүн амын тоо ч тодорхой хувиар нөлөөлж байгаа. Тодруулбал 1990 онд 1,000 гаруй гэмт хэрэг гардаг байсан бол өнөөдөр жилд 40,000 гэмт хэрэг үйлдэгдэж байна. Энэ оны гуравдугаар сарын 10-ны өдөр хүүхдүүд нэг нэгнийгээ дээрэлхэж байгаа дүрс бичлэг цахим орчинд цацагдсан. Улмаар нэр бүхий найман хүүхдийг илрүүлэн шалгахад түүний ард нэлээд хэдэн хүүхэд байсан. Гэмт хэргийн шалтгаан нөхцөл нь цахим орчны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй байх эрсдэл ч бий. Иймд crime podcast зэрэг гэмт хэрэг ярьдаг юүтүб сувгийг хүүхдийнхээ утаснаас хязгаарлахыг эцэг эх, асран хамгаалагч нарт зөвлөе" гэлээ.

Share this post: