TheMongoliaTime

Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад орууллаа

2026-03-18 - 05:52

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Нийт гурван хууль, тогтоолын төслийг хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэхээр санал хурааж, Байнгын хорооны гишүүдийн олонх дэмжлээ. Үүнд: УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан, М.Мандхай, Л.Энх-Амгалан нарын 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр өргөн барьсан Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төсөл УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа, Б.Заяабал нарын 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр өргөн барьсан Санхүүгийн хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан боловсруулж, 2025 оны гуравдугаар сарын 9-нд өргөн барьсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг энэ хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад орууллаа. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөлд: Гишүүн өргөсөн тангаргаасаа няцсан, Гишүүний ёс зүйн дүрмийг ноцтой болон удаа дараа зөрчсөн, Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсон бол УИХ-ын Ёс зүйн дэд хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар заавал нээлттэй хэлэлцэж, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр эгүүлэн татна, УИХ-ын гишүүн ээлжит чуулганы хуралдааны 70-аас доошгүй хувьд хүрэлцэн ирсэн, ээлжит чуулганы санал хураалтын 70-аас доошгүй хувьд биечлэн оролцсон байх шаардлагатай бөгөөд ирц, санал хураалтад хангалттай оролцоогүй бол эргүүлэн татах үндэслэл болно хэмээн тусгажээ. Мөн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж,” гэсний дараа “ёс зүйн хэм хэмжээг чандлан сахиж,” хэмээн нэмж тусгасан байна.

Share this post: