Б.Мөнхжаргал: Зуслангийн бүсийн болон Богд уулан дахь эзэнгүй, зэрлэгшсэн нохойг буудаж устгахаас өөр аргагүй байдаг
2026-03-24 - 06:13
Нийслэл хотын нийтийн эзэмшлийн гудамж, талбай дахь эзэнгүй нохой, муурыг барих ажлыг зохион байгуулж эхэлжээ. Улаанбаатар хотын хэмжээнд амьтдыг хайрлан хамгаалах, хариуцлагатай эзэн байх аяны хүрээнд эзэнгүй нохой, муурыг эзэнжүүлэх зорилгоор Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд нохой асрах байр үйл ажиллагаа явуулдаг байна. УБЗАА-ны Орчны бохирдол хог хаягдлын удирдлагын газрын мэргэжилтэн Б.Мөнхжаргал "Гэр хорооллын айл өрхүүд хашаандаа тэжээж байгаа нохойгоо төллөхөөр гөлгийг гудамжинд төөрүүлэх, гэр хорооллын дахин төлөвлөлтийн газар чөлөөлөлтөд өртсөн айл өрхүүд нохойгоо орхиод явах зэргээс золбин нохой, муурын тоо өсөж байна. Нохой жилд 1-2 удаа үржилд ордог. Олон улсын судалгаагаар нэг эм нохой үржилд ороход таван жилийн дараа 67,000-70,000 орчим болж өсөх магадлалтай байдаг. Өөрөөр хэлбэл гэр хорооллын айл нохойгоо гудамжинд гаргаад орхиход энэ хэмжээгээр өсөх магадлалтай гэсэн үг. 2024 онд гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 2,800 гаруй айл өрхийн газрыг чөлөөлж нүүсэн бөгөөд нохойгоо гудамжинд үлдээсэн байна. 2025 онд 1,305 айлын чөлөөлсөн бол 2026 онд 8,000 гаруй айл өрхийн газрыг чөлөөлөх юм билээ. Газраа чөлөөлсөн айлууд нохойгоо аваад орон сууцанд орох боломжгүйг харгалзан үзэж 2025 онд эзэнгүй нохой, муур асрах төвийг ашиглалтад оруулсан. Хаягдсан ноход зуслангийн бүс болон Богд ууланд гарч зэрлэгшсэн тохиолдол бий. Эдгээр зэрлэгшсэн нохой нь хүн, ан амьтан руу дайрч урах тохиолдол гардаг учир тодорхой хугацаанд мэргэжлийн анчидтай хамтарч буудаж устгахаас өөр аргагүй байдаг" гэлээ. УБЗАА-ны Захиргаа, санхүүгийн удирдлагын газрын дарга Н.Отгонбаяр “Энэ онд 8,000 гаруй айл өрх дахин төлөвлөлтөөр газар чөлөөлөлтөд өртөх юм байна. Газраа чөлөөлж нүүж байгаа иргэд нохой, муураа тэжээх боломжгүй байвал Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт хуучнаар хар үнэгний аж ахуйн байршил дахь Эзэнгүй нохой, муур асрах төвд аваачиж өгөхийг уриалж байна. Өнөөдрийн байдлаар 120 гаруй нохой, 20 орчим муур уг асрамжийн төвд байна. Эдгээр нохой, муурыг эмчийн үзлэгт хамруулж, нийт 62 нохой, муурын үржлийг мэс заслын аргаар зогсоосон. Эзэнгүй нохой, муур асрах төвд эмчийн үзлэг, үржлийг мэс заслын аргаар зогсоох үйлчилгээг үзүүлж байна" хэмээн мэдээллээ. Нийслэлийн статистикийн газрын мэдээллээр 41,000 нохой, 3,700 орчим муур байдаг бөгөөд бүгд эзэнтэй аж.