TheMongoliaTime

С.Батсайхан: Өнөөдрөөс Намъянжүгийн гудамжны борооны ус зайлуулах сувгийн цэвэрлэгээ эхэлж байна

2026-03-20 - 03:34

Ихэнх нутгаар ойрын өдрүүдэд дулаарч, шар усны үер буух магадлалтайг Цаг уурын байгууллагаас анхааруулж буй. Нийслэл хотын хувьд шар усны үерээс сэргийлж үерийн хамгаалалтын далангууд, ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж эхэлжээ. Энэ тухай Геодези, Усны Барилга Байгууламжийн Газрын ерөнхий инженер С.Батсайхан "Шар усны үерээс урьдчилан сэргийлж энэ жил нэлээд эрт, өргөн бүрэлдэхүүнтэйгээр шугам сүлжээний лаг хагшаасыг цэвэрлэх ажил эхэлж байна. Өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Намъянжүгийн гудамжны борооны ус зайлуулах сувгийг цэвэрлэж эхэллээ. Хавар, намрын улиралд ус зайлуулах шугам сүлжээний их болон давтан цэвэрлэгээг гүйцэтгэдэг. Улаанбаатар хотын хэмжээнд 217.8 километр урт шугам сүлжээ, 8,000 гаруй худаг бий. Эдгээрийн цэвэрлэгээ, үйлчилгээг гүйцэтгэж байгаа юм. Ус зайлуулах шугам хоолойд олон жил хуримтлагдсан лаг хагшаасыг өндөр даралтаар угааж, буудуулдаг машинаар цэвэрлэнэ, шинэчлэхгүй. Одоогоор 300-500 хүртэлх диаметртэй шугам хоолойг буудуулж, цэвэрлэх тоног төхөөрөмжийг хүлээж авсан. Цаашид 1,000-2,000 хүртэлх диаметртэй шугам хоолойг өндөр даралттай усаар буудуулж угаах машиныг авахаар тендерийг зохион байгуулж байна" гэж мэдээллээ. Нийслэл хотод халиа тошингийн нөхцөл байдал өмнөх жилүүдтэй харьцуулахад их байгаа аж. Энэ онд замын ус зайлуулах шугам, худгийн арчлалт, засварт нийслэлийн төсвөөс ₮1 тэрбумыг зарцуулахаар батлаад буй.

Share this post: