“Хушхан” брэнд БНХАУ-ын Чэнду хотноо зохион байгуулагдаж буй олон улсын үзэсгэлэнд оролцож байна
2026-03-27 - 03:13
Монголын байгалийн үнэт баялагт суурилсан, чанар стандартыг эрхэмлэгч Hushkhan брэнд БНХАУ-ын Чэнду хотноо 2026 оны 3 дугаар сарын 26–28-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй China Food and Drinks Fair(CFDF)-ийн 114 дэх удаагийн олон улсын үзэсгэлэнд амжилттай оролцож байна. Энэхүү нэр хүндтэй арга хэмжээ нь дэлхийн хүнс, шингэн хүнсний салбарын чиг хандлага, инновац, зах зээлийн хөгжлийг тодорхойлогч гол платформуудын нэг бөгөөд 1955 оноос хойш тасралтгүй зохион байгуулагдаж ирсэн түүхтэй. Тус үзэсгэлэн нь үйлдвэрлэгч, импортлогч, хөрөнгө оруулагч, салбар, салбарын мэргэжилтнүүдийг нэг дор цуглуулж, олон улсын хамтын ажиллагаа, худалдааны шинэ боломжуудыг нээдгээрээ онцлог. Хушхан брэндийн хувьд энэ удаагийн оролцоо нь зөвхөн бүтээгдэхүүнээ танилцуулах төдийгүй Монгол орны онгон дагшин байгалиас гаралтай хуш модны самрын тосыг олон улсын зах зээлд таниулах, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүний үнэ цэнийг өсгөх стратегийн чухал алхам болж байна. Тодруулбал, тус брэнд нь түүхий эдийг шууд экспортлох бус, орчин үеийн технологи, стандартын дагуу боловсруулж, эрүүл мэндэд ээлтэй, өндөр чанартай эцсийн бүтээгдэхүүн болгон зах зээлд нийлүүлэхэд анхаарч ажиллаж байна. Ингэснээр үндэсний үйлдвэрлэлийг олон улсад өрсөлдөх чадвартай болгоход бодит хувь нэмэр оруулж буй юм. Мөн уг үзэсгэлэнд оролцсоноор Хушхан брэнд нь экспортын сувгийг нэмэгдүүлэх, шинэ зах зээлд нэвтрэх боломжийг эрэлхийлж байгаа бөгөөд цаашид Монголын байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг дэлхийн хэрэглэгчдэд хүргэх зорилгоо улам бататгаж байна. Ийнхүү Hushkhan брэнд нь үндэсний онцлог, байгалийн баялгийг орчин үеийн инновацтай хослуулан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнээр дамжуулан Монголын нэр хүндийг олон улсын тавцанд таниулж буй нь онцлох амжилт юм.