Наурызын баярт зориулсан барилдаанд улсын заан Д.Хүдэрбулга түрүүлж, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар үзүүрлэв
2026-03-21 - 13:33
Монгол улс, Казахстан улсын гавьяат тамирчин, бөхийн чөлөөт барилдааны Олон улсын хэмжээний мастер, Баян-Өлгий аймгийнхаа баяр наадамд 10 удаа түрүүлсэн, улсын харцага Однайн Бахытын нэрэмжит "Наурыз 2026" улс аймгийн цолтой 256 бөхийн барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдлаа. Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, "Сүлд" спорт хороо, ШШГЕГ 427-р анги, "Дүнжингарав" дэвжээний бөх улсын заан Доржхандын Хүдэрбулга түрүүлж, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, "Алдар" спорт хорооны бөх аймгийн хурц арслан Нямсүрэнгийн Амгаланбаатар үзүүрлэв. Их шөвөгт "Аврагч" спорт хороо, "Ховд" дэвжээний бөх улсын заан Б.Бат-Өлзий, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, "Сүлд" спорт хороо, ШШЕГ 439-р анги, Бес Богда дэвжээний бөх, улсын заан Б.Серик нар шалгарлаа. Дунд шөвөгт улсын арслан Р.Пүрэвдагва, улсын харцага Б.Зоригтбаатар, улсын харцага Н.Золбоо, улсын харцага Э.Даш нар үлдэв. Тус барилдааны түрүү бөх Niutron 4wd автомашин, үзүүр бөх дөрвөн сая төгрөг, их шөвгийн бөхчүүд тус бүр хоёр сая төгрөг гардсан юм.