Д.Амаржаргал: Төр оролцсон учраас найдвартай гэж бодоод "Шинэ Таван шар"-д захиалгаа өгсөн боловч байргүй хаягдах нь
2026-03-17 - 04:46
Сонгинохайрхан дүүрэгт байрлах "Станцын" хэмээн нэрлэгддэг таван байрыг нураан шинээр барих "Шинэ Таван шар" төсөлд захиалга өгч хохирсон иргэд өнөөдөр "Улаанбаатар орон сууцжуулалт" ХХК-д хандлаа. Дахин төлөвлөлтийн уг төсөлд Станцын I-V байранд амьдарч байсан иргэд шууд нүүн орохоор иргэн, компани, нийслэл буюу гурван талт гэрээтэй бол үлдсэн байрыг зарж борлуулахаар компани нь захиалагч нартай хоёр талт гэрээ байгуулсан юм. Гэтэл захиалгын хоёр талт гэрээ байгуулж, урьдчилгаа 30 хувь болон сар бүр гэрээнд заасны дагуу төлбөрөө төлж байсан 60 орчим иргэн хэзээ байртай болох нь тодорхойгүй үлджээ. Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Дахин төлөвлөлтийн төслийн захиалагч иргэн Д.Амаржаргал "Хуучин таван шарыг буулгаж, шинээр барихаар нийслэлээс тендер зарласан байсан. Тендерт шалгарсан компанид нь би захиалгаа өгөөд гурван жил болж байна. Одоо 14 давхар карказ л боссон. Саяхан нийслэлээс барьж байсан компанийн гэрээг цуцалсан. Шалтгаан нь санхүүжилт байхгүй, цаашид энэ барилгыг барьж чадахгүй гээд бидний гэрээлсэн компанийн эрхийг цуцлуулсан юм билээ. Гурван талт гэрээтэй айлууд бол шинээр баригдах байрандаа орчихно. Бид нар бол компанид захиалгаа өгсөн хүмүүс. Урьдчилгаа 30 хувиа төлчихсөн, сар бүр мөнгөө төлөөд явж байсан. Гэтэл бид одоо хаана ч харьяалагдахгүй, байр ч үгүй хаягдаж байна. Гэрээ хийсэн компанитайгаа уулзаж чадахгүй байгаа. Энэ будилааныг үүсгэсэн нь нийслэл. Төр оролцсон учраас найдвартай гэж бодоод захиалгаа өгсөн. Одоо шинээр барилга барих компанид бидний гэрээг шилжүүлж өгвөл маргалдах зүйл байхгүйгээр төлбөрөө төлөөд явна. Гол нь бид байртай л үлдмээр байна" гэв. Түүнчлэн иргэд "Нийслэлийн удирдлагууд олон сайхан төсөл яриад байгаа. Түрүүнд нь эхэлсэн төслүүдээ нэг мөр цэгцэлж байж дараагийн ажилдаа орохыг хүсэж байна" хэмээж байлаа. Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Үүсээд буй энэхүү нөхцөл байдлын талаар "Улаанбаатар орон сууцжуулалт" ХХК-ийн газрын дарга Б.Пүрэвсүрэнгээс дэлгэрэнгүй танилцуулахыг хүсэхэд "Станцын I-V буюу таван шарын таван байрыг ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууц гээд дахин төлөвлөлтөд оруулах шийдвэр гарч, гүйцэтгэгчээр "Хур Алтан Өргөө" гэдэг компани шалгарсан. Тус компанид оршин суугчидтай гэрээ байгуулах, барилгыг барих эрхийг олгон батламж олгосон. Ингэснээр айлуудтай 2022 онд хоёр болон гурван талт гэрээ байгуулаад байсан. Станцын I, II, III байр 96 оршин суугчтай, Станцын IV 27 оршин суугчтай, Станцын V 40 оршин суугчтай. "Хур Алтан Өргөө" ХХК Станцын V байрнаасаа эхлэн гэрээ хэлэлцээр хийн барьж эхэлсэн. Одоогоор 14 давхар карказ босоод үйл ажиллагаа нь саатсан. Станцын IV байр барилга нураасан. Станцын I, II, III байрыг нураагаагүй, иргэдтэй гэрээ байгуулаагүй байгаа. Төр анх батламж олгохдоо дахин төлөвлөлтийн нөлөөлөлд өртсөн иргэдийн амьдрах орчныг сайжруулах, өөрөө төлөвлөлтөө хийгээд ашиг орлого олох суурь боломжийг олгосон. Маргаан анх үүссэн шалтгаан нь "Хур Алтан Өргөө" ХХК график төлөвлөгөөг хүргүүлээд, иргэдтэй гэрээ байгуулахдаа компани өөрийнхөө нэрээр хийсэн ч дахин төлөвлөлтийн үйл ажиллагааг өөрсдөө явуулахгүйгээр "DDMT" гэдэг компанийг шууд оруулсан байгаа. Мөн "DDMT" нь зах зээлээс захиалга авчихсан. Энэ бол төрийн өмнө үүрэг хүлээгээгүй компани бөгөөд хоёр компани хоорондын гэрээгээр ажлаа эхлүүлсэн. Өнгөрсөн онд Станцын IV байрны оршин суугчид нийслэлд гомдол гарган "Хур Алтан Өргөө"-г санхүүгийн хувьд чадамжгүй, хүний нөөцийн боломжгүй юм байна, ажил нь маш удаан байгаа тул энэ компаниар байраа бариулахгүй гэсэн. Улмаар 2024 оны арванхоёрдугаар сарын 6-нд уг компанийн эрхийг цуцлаад зөвхөн Станцын IV байр нь 2025 оны гуравдугаар сард манайд шилжиж ирсэн. Манай компани иргэдийн төлөөллийг оролцуулан дахин төлөвлөлтийн уралдаан зарласан. Шалгарсан компани өнгөрсөн оны зургаадугаар сард ажлаа эхлүүлсэн бөгөөд энэ онд багтан ашиглалтад өгөхөөр ажиллаж байгаа. Одоогоор 16 давхар, бүрэн цутгамал хоёр барилга баригдан дотор заслаа хийж байна. Мөн Станцын I-III байрныхан нийслэлд хандсанаар энэ оны хоёрдугаар сард манайд шилжээд байна. Станцын V байрны 40 иргэн манайд мөн ирж уулзсан. Тухайн иргэд "Хур Алтан Өргөө"-гөөс түрээсийн төлбөрөө авч чадаагүй байсан. Төслийн үйл ажиллагаа нь ч гацсан тул үргэлжлүүлэх талаас нь арга хэмжээ авч өгөөч гэж хүссэн. Гурван талт гэрээг шилжүүлнэ гэхээс илүү анх барьж эхэлсэн компаниар нь ажил гүйцэтгүүлэхэд хамтарч ажиллахаар уриад байна. Баригдаж буй барилгадаа нөлөөлөлд өртсөн иргэдийг оруулах, зах зээлээс захиалга авсан иргэдээ ч мөн оруулах үүргийг компани хүлээнэ. Төсөлд ямар байр суурьтай байгааг нэр дурдагдаж буй хоёр компаниас сонсохоор уулзалтад урьж байгаа" гэж тайлбарлалаа. ФОТО: