Сонгуулийн үр дүнд Балба улсын шинэ ерөнхий сайдаар рэппер асан Балендра Шах томилогдох нь тодорхой боллоо
2026-03-09 - 03:26
Өнгөрсөн долоо хоногт Балба улсад болсон парламентын сонгуулийн үр дүнд “Gen Z” залуусын хөдөлгөөний удирдагчдын нэг, рэппер асан Балендра Шах тус улсын шинэ ерөнхий сайдаар томилогдох нь тодорхой болжээ. Энэ нь өнгөрсөн оны есдүгээр сард засгийн газрын эсрэг залуу үеийнхний тэргүүлсэн тэмцэл гарснаас хойших анхны сонгууль юм. Уг тэмцлийн үеэр олон арван хүний амь үрэгдэж, засгийн газар огцорч байв. Энэ удаагийн сонгуулиар парламентын 275 суудлын 165-ыг тойргоос, үлдсэн суудлуудыг пропорционал төлөөллийн аргаар сонгож байгаа. Эхний үр дүнгээс Балендра Шахын тэргүүлдэг Растрия Сватантра нам 122 тойрогт ялж, дахин гурван суудалд ялах магадлалтай болжээ. Энэ бол Балба улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш нэг нам хамгийн том олонх болсон тохиолдол юм. Ойрын өдрүүдэд пропорционал төлөөллийн суудлуудыг багтаасан сонгуулийн ерөнхий үр дүн гарах төлөвтэй байна. Олон арван жил Балбын улс төрд давамгайлж байсан ахмад үеийнхэн ийнхүү залуу үеийнхэнд суудлаа тавьж өгөхөөр болж байгаа юм. Инженер мэргэжилтэй, 35 настай Шах ядуурал, ажилгүйдэл, авлигын сэдэвтэй дуунуудаараа анх Балбад алдаршиж байжээ. Тэрбээр 2022 онд анх удаа улс төрд орж, нийслэл Катманду хотын даргын сонгуульд бие даан нэр дэвшээд ялж байв. Ялалт байгуулсныхаа дараа Шах хотын хог хаягдлыг цэвэрлэх, зөвшөөрөлгүй барилгуудыг буулгах зэрэг томоохон ажлуудыг эхлүүлж байжээ. Өнгөрсөн оны есдүгээр сард болсон засгийн газрын эсрэг тэмцлийг удирдсанаараа тэр үндэсний хэмжээний баатар болсон юм. Энэ тэмцлийн үеэр 70 хүний амь үрэгдэж, нийгэмд үймээн самуун дэгдэж, дөрөв дэх удаагаа ерөнхий сайдаар ажиллаж байсан К.П.Шарма Оли болон түүний Коммунист Намын байгуулсан засгийн газар огцорч байлаа. Тухайн үед тэмцлийн удирдагчид Шахыг ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр томилохыг хүссэн ч тэр өөрөө татгалзаж, гуравдугаар сард болох парламентын сонгуулийг хүлээх шийдвэр гаргаж байжээ. Шах энэ сонгуулиар 74 настай өмнөх ерөнхий сайд Олитой нэг тойрогт өрсөлдсөн юм. Бямба гарагийн орой тэдний тойргийн саналын үр дүнг зарлахад Шах 68,348, Оли 18,724 санал авсан байжээ. Хэдийгээр сонгуульд ийм өндөр үзүүлэлттэй ялсан ч одоо залуу үеийнхэнд өгсөн амлалтаа биелүүлэх хүнд хэцүү даалгаврууд Шахыг хүлээж байгаа гэж ажиглагчид үзэж байна. Тухайлбал тэр өмнөх удирдагчдын авлигын хэргүүдийг шалгах, өнгөрсөн есдүгээр сарын тэмцлийн үеэр жагсагчдын амийг хөнөөх үүрэг өгсөн албан тушаалтнуудад хариуцлага тооцох зэрэг амлалтуудыг тэр өгсөн юм. Эх сурвалж: AFP