TheMongoliaTime

Эпштейний баримтуудад нэр дурдагдсан экс Ерөнхийлөгч нар тайлбар хийв

2026-02-16 - 03:20

Бэлгийн хүчирхийлэгч агсан Жеффри Эпштейний хэргийн баримтуудыг АНУ-ын хууль зүйн яам өнгөрсөн сард нийтэд ил болгосон билээ. Ил болгосон баримтад Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн нэр 46 удаа дурдагдсан. Тухайлбал Ц.Элбэгдорж нь Ж.Эпштейнтэй 2013 оны есдүгээр сарын 23-нд уулзаж байсан нь уг баримтад тодорхой бий. Тэгвэл уг баримттай холбоотойгоор цахим орчинд Shonkhor Oyunbat нэртэй нэгэн хэрэглэгч түүнээс энэ талаар болон өргөж авсан хүүхдүүдийнх нь талаар лавлахад Ерөнхийлөгч асан доорх хариултыг өгчээ. 1. Эпштейн нарын Монгол агент намайг "тэрслэгч" гэж бичсэнийг харсан. "ЖЭ"-ний муу үйлдэлд миний байр суурь маш тодорхой. Шүгэл үлээгч, хохирогчдын эрх ашгийг хамгаалах. Тэр муухай сүлжээний бүх баримтыг ил болгох. Хууль зөрчсөн хэнтэй ч бай хариуцлага тооцож, дахиж үл давтах. 2. Хүүхдүүд бүгд сайн байгаа. Тэд ийм асуудалд ямар ч хамаагүй. Бүгд тусдаа ажил амьдралтай. Хэний ч үрс адилхан, хэл амнаас хол байсан нь дээр. Арай дэндүү гүтгэх юм. Надаас зарим нь юунд ингэтлээ айдаг байнаа. Сэдвийн хомсдолд ороод сандрав уу! 3. Нуух юм юу ч байхгүй ээ. Хувийн зүйл ярихаас аль болох зайлсхийж явдаг. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн үеэр янз бүрийн хүрээнд олон арга хэмжээ, зоог, хүлээн авалт болно. Тэгэж л албаны хэдэн үг сольсноос өөрөөр нүүр тулаагүй.

Share this post: