TheMongoliaTime

Морингийн даваанд “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” барих түншлэлийг сонгох хугацааг сараар сунгажээ

2026-03-16 - 00:47

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Морингийн давааны 10 га талбай дээр хоногт 1,500 тонн, жилд 1.5 сая тонн хог шатааж, 35 МВт эрчим хүч гаргах “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн түншлэлийн урьдчилсан сонгон шалгаруулалтад санал ирүүлэх эцсийн хугацааг гуравдугаар сарын 16-ны 16:00 цагаас дөрөвдүгээр сарын 16-ны 16:00 цаг хүртэл нэг сараар сунгажээ. Харин хувийн хэвшлийн түншлэгч нь өөрийн хөрөнгө оруулалт, санхүүжилтээр Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 15.1.1-д заасны дагуу төслийн зураг төсөл, төсвийг боловсруулах, барилга угсралт, ашиглалт, засвар үйлчилгээг хариуцаж гүйцэтгэх бөгөөд түншлэлийн гэрээний хугацааны эцэст түншлэлийн зүйлийг төрийн түншлэгчид шилжүүлэн өгөх нөхцөлтэй байна. Үйлдвэрийг барих төслийн нийт хөрөнгө оруулалт 206.5 сая ам.доллар бөгөөд бүтээн байгуулалтыг 30 сарын хугацаанд гүйцэтгэхээр төлөвлөжээ. Өмнө нь "Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр" төслийн хувийн хэвшлийн түншлэгчээр БНХАУ-ын “Сычуань эрчим хүчний хөрөнгө оруулалт, эрчим хүчний хэмнэлт, байгаль орчныг хамгаалах хөрөнгө оруулалт” ХХК шалгарч, түншлэлийн гэрээ байгуулсан ч цуцлах санал ирүүлжээ. Иймд Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэрийг барих хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох шалгаруулалтыг дахин зарлаад байгаа билээ.

Share this post: