Ираны цахилгаан станцуудыг бөмбөгдөх хугацаагаа Трамп тав хоногоор хойшлууллаа
2026-03-24 - 00:24
Бямба гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хэрвээ Ормузын хоолойг нээхгүй бол Ираны цахилгаан станцуудыг бөмбөгдөх 48 цагийн хугацааг Тегераны эрх баригчдад өгч байгаагаа зарласан. Тэгвэл Даваа гарагийн өглөө хөрөнгийн зах зээлийн арилжаа нээгдэхийн өмнөхөн тэр өгсөн хугацаагаа тав хоногоор сунгаж байгааг мэдэгджээ. Ингэх болсон шалтгаанаа Ираны талтай яриа хэлэлцээ эхлүүлэх болсонтой холбон тайлбарласан байна. Гэсэн хэдий ч Ираны өндөр албан тушаалтан АНУ-тай ямар нэг яриа хэлэлцээ эхлүүлснээ үгүйсгэсэн юм. Трамп чухам ямар яриа хэлэлцээний тухай ярьсан нь тодорхойгүй байна. Эсвэл тэр зах зээлийн уналтаас сэргийлэхийн тулд худал хэлсэн байж болзошгүй юм. Флоридагийн Палм Бич хотод сэтгүүлчидтэй уулзахдаа Трамп хоёр тал тохиролцоонд хүрэхийг эрмэлзэж байгааг мэдээлжээ. Бас Ойрх Дорнодын түншүүдтэйгээ АНУ маш сайн харилцаатай байдгийг хэлсэн ч аль нэг улсын нэрийг дурдаагүй байна. Дээрх яриа хэлэлцээнд тусгай элч Стив Виткоф, түүний хүргэн Жаред Кушнер нар оролцож байгааг сэтгүүлчдэд дуулгажээ. Сүүлд Мемфис хотод болсон арга хэмжээний үеэр Иран улс “цөмийн зэвсгээс татгалзахаар болсон” гэж Трамп хэлсэн ч Тегераны эрх баригчид үүнийг нь батлаагүй юм. “Бид тохиролцоонд хүрэх магадлал маш өндөр гэж би бодож байна. Тиймээс бид тав хоногийн хугацаа өглөө. Үүний дараа юу болохыг харцгаая” гэж Трамп энэ үеэр хэлжээ. Ираны талаас хэн яриа хэлэлцээ хийж байгааг тэр хэлээгүй юм. Баасан гарагт Цагаан ордонд болсон арга хэмжээний үеэр Трамп “Иранаас ярилцах удирдагч олоход хэцүү байна. Учир нь тэд байнга алагдаж байна” гэж хэлж байв. Өчигдрийн мэдэгдлийн дараа Ираны Хувьсгалт Гвардын удирдлага үүнийг өөрийн ялалт, Трампын “ухралт” гэж дүгнэсэн тухай Фарс агентлаг мэдээлжээ. Тухайлбал Ираны цахилгаан станцуудыг бөмбөгдвөл Ойрх Дорнод дахь АНУ-ын холбоотнуудын эрчим хүчний дэд бүтцүүдийг хариу бөмбөгдөхөө анхааруулсан нь үр дүнд хүрсэн гэж үзэж байна. Ираны парламентын спикер Мохаммад-Багер Галибаф мөн яриа хэлэлцээ явагдаж байгааг “хуурамч мэдээлэл” гэж няцаажээ. Хэдий тийм ч Трампын мэдэгдлийн үр дүнд өчигдөр АНУ-ын хөрөнгийн зах зээлийн индексүүд өсөж, газрын тосны үнэ буурсан юм. Трампыг 48 цагийн хугацаа өгсний дараа Даваа гарагийг дэлхийн хөрөнгийн зах зээлийн “хар өдөр” болно гэсэн хүлээлт үүсээд байв. Эх сурвалж: BBC