Дижитал эмгэнэл буюу “Хэрвээ чи жинхэнэ байсан бол...”
2026-03-17 - 10:07
Танай өсвөр насны хүүхэд чинь эцэг эхтэйгээ урдынх шигээ харилцахаа больж, өрөөндөө дэлгэц ширтээд суух болсон бол анхаарлаа хандуулна уу. Өсвөр насны хүүхэд болон эцэг эхийн хоорондох харилцааны асуудал байсан асуудал боловч өнөөгийн дижитал эринд өсвөр үеийнхэн гэрийнхэнтэйгээ харилцах харилцаагаа онлайн орчноор орлуулах болсноор байдал улам хурцдаж буй. Тэд санаа сэтгэлээ эцэг эхдээ бус үеийнхэнтэйгээ, огт танихгүй онлайн найзтайгаа хуваалцахыг илүүд үзэж байгаа нь орчин үеийн сэтгэлзүйн судлалд шийдэл хэрэгтэй шинэ сэдэв нээчихсэн. Олон улсад өсвөр насныхан ба эцэг эхийн хоорондын харилцаанд гарч буй асуудлыг өргөнөөр хөндөж байгаа бөгөөд тухайлбал ОХУ-ын орчин үеийн жүжгийн зохиолчдын томоохон төлөөлөл Андрей Ивановын "Это все она" жүжгийн зохиол 2012 онд бичигдсэн даруйдаа олны анхааралд өртөн өргөн хэмжээний хэлэлцүүлэг үүсгэсэн байдаг. Уг жүжигт өнөө цагийн гэр бүлийн харилцаа, интернэт орчин, насны үе хоорондын зөрчлийг дэлгэн тавьсан бөгөөд олон улсын театрын фестивалиудад удаа дараа тавигдсан билээ. "PRO theatre"-ийн хамт олон "Оросын театрын холбоо" болон шилдэг залуу найруулагч Екатерина Шиховатай хамтран уг зохиолоор "Түүний буруу" орчин үеийн сэтгэл зүйн драмын жүжгийг толилуулж байна. “Түүний буруу” жүжиг бол сэтгэлзүйн драм болохынхоо хувьд хэдий энгийн харагддаг ч найруулгын хувьд маш нарийн хийцлэлтэй жүжиг юм. Жүжгийн оршил 14 настай хүү болон бэлэвсэрсэн эх хоёрын хүйтэрсэн харилцаанд тулгуурлах бөгөөд хэдий нэг гэрт амьдравч бие биетэйгээ огт ойлголцож чаддаггүй. Хүү нь өрөөгөө түгжин сошиал ертөнцдөө амьдардаг бол эх нь хэдий ажилдаа түүртэвч ганц хүүтэйгээ ойртох аргыг тасралтгүй эрэлхийлнэ. Нэг л өдөр эх сошиал сүлжээнд өөрийгөө хүүгийнхээ үеийн охин мэтээр дүр эсгэсэн аккаунт нээгээд хүүтэйгээ холбогдон чатлаж эхлэх бөгөөд гайхалтай нь хүү нь тэр “охинд” нууцаа ярьж эхэлдэг. Эх нь анх удаа хүүгийнхээ бодол, ганцаардлыг сонсох болно. Ердөө хажуу өрөөндөө байгаа хүүтэйгээ харилцах ганц арга нь тив дэлхийг дамжин холбох дижитал сүлжээ болчих нь бодит амьдралын егөөдөл юм. Яагаад эх үр хоёрын хоорондын харилцаанд хана үүсэж, улмаар бие биеийнхээ сэтгэлзүйг мэрэх ангал болсныг гарган харуулснаараа зохиолч олон нийтэд шүүмж хэлэлцүүлгийн сэдэв тавьж өгчээ. Тэдний онлайн харилцаа аажмаар гүнзгийрч ёс зүйн болон сэтгэлзүйн аюултай тоглоом болж хувирдаг. Хүү тэр “охинд” сэтгэлтэй болж эхэлдэг ба үнэн илчлэгдэх мөч бол зохиолын гол оргил үе болно. Эхдээ дурласан хүүгийн талаас нь зарим театр судлаачид орчин үеийн Эдипийн трагеди гэж тайлбарладаг ба энэ нь жүжгийн гол санаа, зөрчил биш ч үнэн илрэх мөчид бүх зүйл дуусдагаараа сонгодог трагедийн бүтэцтэй адил юм. Эртний Грект хувь заяа эмгэнэл үүсгэдэг байсан бол орчин үед дижитал ертөнц эмгэнэл үүсгэдэг болжээ. Харин Буддист өнцгөөс харах бол эх хүүгийн хооронд сэтгэлзүй, хувь заяаны нандин хэлхээ холбоо байдаг тул хэлбэр бус агуулга талаасаа эмгэнэл гэхээргүй юм. Эцэг эх ба өсвөр үеийнхэн хоорондын ойлголцлын хямрал, интернэтийн хоёр нүүртэй орчин, онлайн ертөнцөд хүмүүс хиймэл дүрээр амьдарч чаддаг байдал, хэдий цугтаа амьдардаг ч хүүхэд ганцаардалд ордог талаарх олон асуудлуудыг хурцаар хөндөж чадсан. Онлайн сошиал орчинд дүр эсгэх / fake identity боломжтой байдаг нь хүмүүсийг, ялангуяа өсвөр насныхныг бодит ба виртуал “би”-ийн хоорондын зөрчилд хөтөлдөг. Аватар дахь хүсэлт идеал биедээ хэт автагдах нь бодит өөрийн байдал, орчиндоо дургүй болох, улмаар эндээс сэтгэлзүйн тавгүйтэл үүсэж элдэв асуудалд орооцолдох шалтгаан болж өгдгийг анхаарах хэрэгтэй юм. Театрын шүүмжлэгчдийн зүгээс энэхүү жүжгийг сошиал сүлжээний үеийн эмгэнэлт гэр бүлийн драм / дижитал эмгэнэл гэж тодорхойлдог. Нэг талаас эцэг эх үр хүүхдийн харилцааны тасралт, нөгөө талаас онлайн болон бодит орчны биеийн тасралтыг давхар өгүүлэмжээр гаргасан нь өнөөгийн нийгмийн маш бодит асуудлыг театрт оруулсан гэж үнэлэгддэг. Дижитал үед хүмүүс бодит амьдрал дээр бус чат дээрээ илүү нээлттэй байдаг болж өөрчлөгдөж буйг бид анзаарч байна уу? Statista-ын судалгаагаар дэлхийн хэмжээнд интернэт хэрэглэгчдийн 94–95% нь сар бүр чат/мессеж ашигладаг, улмаар нийгмийн харилцааны 73,6% нь чат болсон статистик мэдээлэл байна. Эдгээр үзүүлэлт нь энэ хэрээр хүмүүсийн нүүр тулсан харилцаа хомсдож буйг илтгэнэ. Улмаар хүмүүсийн харилцаан дахь зан төлөв эрс өөрчлөгдөж, хурдан богино байдлаар харилцах болсон сул талтай ч харилцааны орон зайгаа тэлсэн буюу хаана ч байгаа хэнтэй ч шууд харилцах боломжтой болсон байна. Энэ өөрчлөлт нь угаас асуудал дагуулж ирсэн өсвөр үеийнхэн болон тэдгээрийн эцэг эхтэйгээ харилцах харилцааг улам хурцатгаж буйг бид онцгой анхаарах хэрэгтэй юм. Хүмүүс хоорондоо бодитоороо ярьж чадахаа байж байгаа, аватарын цаана жинхэнэ сэтгэлээ илчилдэг болж буй нь зохиолчийн гарган тавьсан гол зөрчил гэж харж болохоор байна. Энэ талаар зохиолч өөрийн үзэл санаагаа уламжлалт байдлаар буюу илүү нарийн далд хэлбэрээр бус, харин шууд хэлж асуудлыг заасан нь орчин үеийн жүжгийн хэв маягт өөрчлөлт гарч буйг мөн илтгэнэ. Цөхөрсөн эх хүүтэйгээ ойлголцож харилцах ганц гарцыг онлайн орчин гэж харсан нь зарим хүний хувьд эмгэнэлтэй, ёс суртахуунгүй, хүүгийнхээ сэтгэлзүйгээр тоглосон гэж шүүмжлэгдэж болох ч нөгөө талд өөр ямар гарц буйг тоочих шаардлагатай тулна. Эхийн хувьд хүүтэйгээ ярилцаж ойлголцох цорын ганц арга нь худал дүр байсан. Жүжиг маш сонирхолтой хэд хэдэн парадоксыг хөндөнө. Бодит ертөнцөд хүмүүс хаалттай, харилцаагүй, үнэн илэрдэггүй бол онлайн ертөнцөд хүмүүс нээлттэй, амьд харилцаатай, үнэн илэрдэг болжээ. Эх хүү хоёр чатанд бие биеэ ойлгож чадсан ч харин бодит амьдрал дээр ойлголцож чадаагүй нь жүжгийн гол эмгэнэл юм. Дижитал дэлгэц нь хүмүүсийг холбож байгаа мэт харагддаг боловч үнэндээ хооронд нь хана босгодог. Хүмүүс хамгийн гүн сэтгэлээ хамгийн богино текстээр хэлдэг, хамгийн жинхэнэ харилцаа хамгийн хуурамч дүр дээр бий болж болдог. Орчин үеийн хүмүүс дижитал орчинд илүү ойр, харин бодит амьдрал дээр илүү хол болсон. Виртуал ертөнц заримдаа бодит ертөнцөөс илүү үнэн болдог. Хүүгийн хувьд танихгүй хүнтэй харилцахад илүү амар байсан. Учир нь танихгүй хүн шүүхгүй, элдэв хүлээлт тавихгүй. Жүжгийн төгсгөлд хүү үнэнийг мэддэг. Бид ч бас өнөөгийн харилцаанд тулгараад буй үнэнийг мэдэх болно. Үнэн илрэх мөчид бүх харилцаа нурдаг нь виртуал харилцаа бодит амьдралд амьд үлдэж чаддаггүй гэсэн санаа юм. Чи намайг хэзээ ч сонсож байгаагүй. Энэ өгүүлбэр хүүгийн дотоод гомдлыг илэрхийлдэг. Ээж нь хүүтэйгээ ярьдаг байсан ч жинхэнэ утгаар нь сонсож байгаагүй. Хүү өөрийгөө бодит амьдрал дээр илэрхийлж чадахгүй байгаа ч чатанд илэрхийлж чаддаг. Жүжгийн эмгэнэлийн оргил нь хүүгийн - Хэрвээ чи жинхэнэ байсан бол гэсэн үгээр гарч ирдэг. Элдэв дарамт, хүлээлтгүйгээр өөрийг нь ойлгохыг жинхэнээрээ хичээдэг ээж бодит амьдралд хэрэв байсан бол? “Түүний буруу” жүжгийн хаалтын тоглолтууд 3-р сарын 20, 21, 22-ны өдрүүдэд буюу энэ амралтын өдрүүдээр болох тул амжиж өсвөр насны хүүхэдтэйгээ хамтдаа үзэхийг зөвлөж байна. Холбогдох: ticket.mn/event/2879 Б.Батжаргал. Урлаг судлалын магистрант