TheMongoliaTime

Саудын Арабын нутагт болсон Ираны цохилтын улмаас АНУ-ын долоо дахь цэргийн алба хаагч амиа алджээ

2026-03-09 - 01:26

Ираны эсрэг байлдааны ажиллагаа эхэлснээс хойш долоо дахь цэргийн алба хаагч нь амиа алдсаныг Ням гарагт АНУ-ын зэвсэгт хүчний удирдлага мэдээлжээ. “Ойрх Дорнод даяар Ираны дэглэмийн эхлүүлсэн анхны халдлагын үеэр шархадсан алба хаагч маань өнгөрсөн шөнө нас барлаа. Тэрбээр гуравдугаар сарын нэгний өдөр Саудын Арабын Хаант улсын нутаг дэвсгэр дэх АНУ-ын цэргүүдийн эсрэг явуулсан халдлагын үеэр хүнд шархдаад байсан юм” гэж АНУ-ын армийн төв тойргийн командлал сошиал хуудсаараа мэдээлсэн байна. Журмын дагуу амиа алдсан цэргийн нэрийг ар гэрийнхэнд нь дуулгаснаас хойш 24 цагийн дараа нийтэд мэдээлэх гэнэ. Үүнээс өмнө Кувейтийн нутагт алагдсан зургаан цэргийн шарилыг АНУ-д хүлээж авах ёслолын ажиллагаа өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн юм. Делавар мужийн Довер Агаарын Баазад болсон ёслолд амь үрэгдсэн цэргүүдийн ар гэрийнхэн, ерөнхийлөгч Дональд Трамп болон бусад албаны хүмүүс оролцжээ. Мөн гуравдугаар сарын нэгний өдөр Кувейт улсын Шуайба боомтын удирдлага, хяналтын төв Ираны агаарын довтолгоонд өртөх үеэр тэнд байрлаж байсан АНУ-ын армийн 103 дугаар нөөц ангийн зургаан цэрэг амь үрэгдсэн юм. Ням гарагт ABC News сувгаар ярихдаа ерөнхийлөгч Трамп зургаан цэргийн ар гэрийнхэнтэй уулзсан нь түүнийг дайнаа зогсоох эрхгүй болгож байгааг хэлжээ. “Хэрвээ би одоо зогсоовол тэднийг гонсойлгох болно. Тэд надад ‘бидний хүүгийн төлөө энэ дайнд ялаарай’ гэж хэлж байсан” гэж Трамп ярьсан юм. Тэрбээр Ираны эсрэг дайнд АНУ-ын цэргийн хохирол нэмэгдэхийг өмнө нь анхааруулж байв. Бямба гарагт сэтгүүлч Трампаас дахин шарил хүлээж авах ёслолд оролцох эсэхийг асуухад “Тэгнэ гэж би бодож байна. Надад хэцүү байгаа ч энэ бол дайн шүү дээ” гэж хариулжээ. Эх сурвалж: CNN

Share this post: