TheMongoliaTime

Хэд хэдэн улстай байгуулсан хий нийлүүлэх гэрээнд нь давагдашгүй хүчин зүйл тулгарсныг Катарын компани мэдэгджээ

2026-03-25 - 03:45

Өнгөрсөн долоо хоногт үйлдвэрийн байгууламж нь Ираны пуужингийн цохилтод өртсөний улмаас Өмнөд Солонгос, Хятад, Итали, Бельги улсуудтай байгуулсан урт хугацаанд шингэрүүлсэн байгалийн хий нийлүүлэх гэрээнд давагдашгүй хүчин зүйл тулгарсныг Катарын төрийн өмчит компани Мягмар гарагт мэдэгджээ. Өнгөрсөн долоо хоногийн Лхагва, Пүрэв гарагуудад Катарын аж үйлдвэрийн төв Рас Лаффан хот дахь QatarEnergy компанийн байгууламжууд пуужингийн цохилтод өртөж, хохирол амссан юм. Үүний улмаас Катар улсын шингэрүүлсэн хийн нийт экспортын 17 орчим хувь тасалдсан байна. “Давагдашгүй хүчин зүйл” (Force majeure) нь гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй, урьдчилан таамаглах аргагүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд гүйцэтгэгч талыг хариуцлагаас чөлөөлдөг заалт юм. Хоёрдугаар сарын 28-нд Ираны эсрэг АНУ, Израилийн эхлүүлсэн дайны улмаас Катар зэрэг Персийн булангийн эрчим хүч экспортлогч орнууд Ираны агаарын цохилтод байнга өртөх болсон. Үүнээс гадна тэдний бүтээгдэхүүнийг тээвэрлэн гадаад зах зээлд хүргэдэг гол зам болох Ормузын хоолойг Иран улс хаасан нь нөхцөл байдлыг улам хүндрүүлээд байгаа. Шингэрүүлсэн байгалийн хийн үйлдвэрүүдэд учирсан гэмтлийг сэргээн засварлахад гурваас таван жилийн хугацаа шаардлагатайг Катарын эрчим хүчний сайд Саад Шерида Аль-Кааби мэдэгджээ. Эх сурвалж: Reuters

Share this post: