"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар...
2026-03-25 - 02:14
Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү төслийн талаар эрх баригчид, компанийн төлөөлөл, олон улсын хөрөнгө оруулагчид бүгд өөр өөрийн тайлбарыг өгсөөр ирсэн. Харин монголчуудын хүртэх өгөөжийн талаар хэн нь ч тодорхой мэдээлэл хэлдэггүй. Энэ удаад Монголын талын тавьж буй шаардлагыг бүрэн хангах хэмжээнд хүртэл Монгол Улсын Засгийн газар хатуухан байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Нөгөө талаас Риогоор оролдсон Засгийн газар уначихдаг гэх яриа түмний дунд тархсан. Тэгвэл энэ удаа Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар хэлэлцээр хийж байгаа. Тэрээр “Шударга бус байдлыг хүлээн зөвшөөрөхгүй” гэдгээ шулуухан л хэлчихсэн. Оюутолгойн хэлэлцээ Засгийг хөдөлгөхөөс илүүтэй тус төслийн санхүү, өр зээл монголчуудын өгөөжийг хэрхэн “залгиж” байгаа талаар нухацтай харах цаг иржээ. Амлалт өгөхгүй гэв үү? Оюутолгой зөвхөн нэг орд бус, хэд хэдэн тусгай зөвшөөрлийн талбайд байрлах геологийн нэгдмэл нөөцийг хамарсан “бүлэг орд” аж. Тиймээс асар их хэмжээний хөрөнгө оруулалтаар урт хугацаанд өгөөж өгдөг талаар бишгүй л ярьсан. Харин хууль эрх зүйн хүрээнд, хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээ нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу мөрдөгдөж байгаа гэж компани мэдэгдсэн ч байнга л маргаан дагуулдаг “сэдэв”. Тэгэхээр Оюутолгой төслийн эдийн засгийн нөлөө, өгөөжийн хугацаа, санхүүжилтийн бүтэц зэрэг нь цаашид илүү тодорхой, нэгдсэн байдлаар олон нийтэд хүрэх шаардлагатайг шинжээчид тодотгож байна. Оюутолгой төслийн ирээдүй зөвхөн эдийн засгийн үзүүлэлтээр хэмжигдэхгүй. Ил тод байдал, хууль эрх зүйн нийцэл, олон нийтийн итгэл зэрэг хүчин зүйлс төслийн жинхэнэ үнэ цэнийг тодорхойлох учиртай. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Галаас айгаад ажил хийхгүй байна гэвэл улсын эрх ашиг хохирно. 2018 онд Оюутолгойтой зээлийн хүү бууруулах болон хөрөнгө оруулалтын талаар яриа, хэлэлцээр анх хийж эхэлсэн. Тэр үед бид шаардлага тавьж эхэлсэн. Монгол төрийн уурга урт, хуйв уужим юм шүү” хэмээн сануулж байсан тухай телевизийн ярилцлагад орох үеэрээ хэлсэн байдаг. Тэрээр цэгцрэх хөдөлгөөн одоо эхэлж байна. Хэзээ нэгэн цагт үнэн зөв тодорч асуудал шийдэгдэнэ шүү гэдгийг анхааруулж байснаа ч мөн ярьсан байв. Өсөх орлого, үл харагдах өгөөж Монгол Улсын эдийн засаг бүхэлдээ уул уурхайн салбар тэр дундаа томоохон төслүүдээс шууд хамааралтай. Сүүлийн 15 жилд Оюутолгой нийт 44.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн нь Монгол Улсын нийт хөрөнгө оруулалтын 21 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 35.1 хувийг бүрдүүлжээ. Түүнчлэн ханган нийлүүлэгч компаниудын орлогын эх үүсвэр тус төслөөс шууд хамаарна. Үүнийг судалгааны үр дүн харуулсан байгаа юм. Тухайлбал, “Монгол Улсын нийгэм, эдийн засагт Оюутолгой компанийн оруулж буй хувь нэмэр” судалгааны тайланд уул уурхайн төслийн нөлөөллийн бүсэд жижиг, дунд бизнесийн хөгжил эрчимжиж буйг тодотгосон байв. Ханбогд сум 2013 онд 1000 хүн тутамд 15 аж ахуйн нэгж байсан бол 2024 онд энэ үзүүлэлт 43 болж, 2.9 дахин өссөн байна. Энэ өсөлт Оюутолгой зөвхөн макро эдийн засгаар хязгаарлагдахгүй, орон нутгийн амьжиргаа, бизнесийн орчинд шууд нөлөөлж байгааг харуулж буй. Оюутолгой төслийн удирдлагын баг саяхан сэтгүүлчидтэй уулзсан. Тэр үеэр энэ жилээс ашигт ажиллагаандаа орох мөч ойртож байгаа бөгөөд мөнгөн урсгал бодитоор гарч эхэлнэ гэсэн хүлээлттэй байгаагаа онцолж байв. Компанийн танилцуулснаар, төлөвлөсөн хэмжээний баяжмал үйлдвэрлэхийн тулд 42 сая тонн хүдэр олборлож, боловсруулан, 390 мянган тонн зэс үйлдвэрлэхээр тооцоолжээ. Ингэснээр 5.5 тэрбум ам.долларын орлого олох төсөөлөл гаргасан байна. Энэ нь чөлөөт мөнгөн урсгал бий болох суурь нөхцөл хэмээн тайлбарлав. Гэвч энэ мөнгөн урсгал шууд Монголын талд ногдол ашиг болж ирэхгүй, эхний ээлжид өрийн эргэн төлөлтөд зориулагдана гэдгийг уулзалтын үеэр тодотгов. Харин Оюутолгойнхон орлогын өсөлтийг монголчуудад өгөөж болгож өгөх талаар “Хугацааг наашлуулах боломжийг судалж байна, гэхдээ амлалт өгөх боломжгүй” хэмээн тайлбарлаж байна билээ. Өгөөжийг “залгих” өр Оюутолгой 15 банкнаас авсан 4.3 тэрбум ам.долларын төслийн санхүүжилтийн зээл, түүнтэй ижил нөхцөлтэй 1.6 тэрбум ам.долларын санхүүжилтийн багцыг нэн тэргүүнд төлөхөөр эрэмбэлсэн аж. Учир нь бизнесийн үйл ажиллагааг санхүүжүүлэхэд шаардлагатай мөнгөн хөрөнгийг зээлээр бүрдүүлэх нь дэлхийд байдаг жишиг. Тэгэхээр энэ нь төслийн хоёр том тоглогчийн хэнд нь хамаарах вэ гэдэг чухал л даа. Харин “Монгол Улсын өр бус, Оюутолгойд хамааралтай өр” хэмээн компанийн удирдлагууд тайлбарлав. Тэгэхээр Оюутолгой төслийн орлого энэ онд өсөх боловч Монголын эдийн засагт хамаагүй гэсэн үг. Тэгвэл төсөвт орж ирэхгүй Оюутолгойн орлогын өсөлт монголчуудад өгөөжгүй хэвээр үлдэх нь. Бас нэг зүйл хэдийгээр өнгөц талдаа компанийн өр хэмээн тайлбарлаж байгаа ч төслийн 34 хувийг эзэмшигч Монгол Улсад зээлийн сүүдэр тод тусаж байна. Тиймээс л тодорхойгүй ирээдүйг тодорхой болгохын тулд хэлэлцээрийн ширээний ард хоёр тал эн тэнцүүхэн оролцох шаардлага тулгарч буй юм. Түүнчлэн 2022 онд тэглэсэн өр бол бас л нарийн учир жанцантай болж таарав. Тодруулбал, бүх банкны зээл тэглэгдсэн хэрэг биш, харин хувьцаа эзэмшигчдийн түвшний тодорхой төрлийн өрийн зохицуулалт байсан аж. Учир нь Эрдэнэс Оюу толгойн хувьцаанд ногдсон зээлийг тэглэснээр Монголын талд ногдол ашиг ирэх хугацааг наашлуулах зорилготой шийдвэр байсан гэдгийг гүйцэтгэх захирал С.Мөнхсүх онцолсон юм. Магадгүй энэ удаагийн хэлэлцээр эргэлтийн цэг байх уу, эсвэл дахин хүлээлт үүсгэх үү гэдэг олны анхаарлыг татаж байна. Ямартаа ч Засаг унагах хэлэлцээ биш амлаж мэдэхгүй “ирээдүйн ашиг”-аа хэрхэх талаар нухацтай ярих биз ээ. Харж л байя. Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин