Хүннү хотын олон улсын транзит зочид буудлыг “Чингис хаан” нисэх буудалтай гүүрэн гарцаар холбоно
2026-03-20 - 00:03
Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр, Хөшигийн хөндийд 31.5 мянган га талбайд 150 мянган хүний суурьшилтай Хүннү хотыг байгуулж буй. Тус хотод олон улсын транзит зочид буудлын төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Энэ хүрээнд “Улаанбаатар-Хүннү" олон улсын транзит зочид буудлыг “Чингис хаан” ОУНБ-тай гүүрэн гарцаар холбох чиглэлээр нийслэл хот Иргэний Нисэхийн Ерөнхий Газартай хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан байна. Ингэснээр нисэх буудал, зочид буудлыг холбох дэд бүтэц, зохион байгуулалтын нөхцөлийг бүрдүүлэх, дамжин өнгөрөх зорчигчдыг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх шаардлагагүйгээр, нисэхийн аюулгүй байдлын болон хил, гаалийн хяналтын тусгай зохицуулалтаар транзит зочид буудалд шууд, чөлөөтэй нэвтрэх боломжийг бүрдүүлэх аж. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар төслийн хэрэгжилтийг зохион байгуулах, хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах, бүтээн байгуулалтын явцад хяналт тавих үүргийг хэрэгжүүлэх бол ИНЕГ нь нисэх буудлын үйл ажиллагаатай уялдуулах, аюулгүй байдал, хил гаалийн тусгай зохицуулалтыг хангах, гүүрэн гарцын холболтын нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр ажиллах юм байна. Ташрамд дурдахад шинээр байгуулагдаж байгаа тус хотын татварын 80%-ийг Улаанбаатар хотын захиргаа, 20%-ийг Төв аймаг авна.