Ираны ерөнхийлөгч агаарын цохилтынх нь бай болсон хөрш орнуудаасаа уучлалт гуйлаа
2026-03-08 - 01:47
Бямба гарагт Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкиан урьдчилан бичсэн видео мэдэгдлийг улсынхаа төв телевизээр цацжээ. Уг мэдэгдэлдээ тэр эхлээд АНУ-ын бууж өгөх шаардлагыг “тэдний өөрсдийнхөө булшинд авч орох ёстой мөрөөдөл” гэж тодорхойлсон байна. Пезешкиан бас Иран улсын бүс нутгийн орнуудад явуулж буй агаарын цохилтын төлөө уучлалт гуйжээ. Үүнийг тэр цэргийнхний доторх үйл ойлголцлоос болсон гэж тайлбарлаад зогсоохоо амласан байна. Ираны дээд удирдагч болон бусад өндөр албан тушаалтнууд АНУ, Израилийн агаарын цохилтын үеэр алагдсан нь цэрэг, армийн удирдлага, хяналт алдагдахад хүргэсэн гэж тайлбарлажээ. “Би хувиасаа Ираны халдлагад өртсөн хөрш орнуудаас уучлал гуйх ёстой. Одоогоос эхлээд манай руу халдаагүй л бол бид хөрш орнууд руугаа довтолж болохгүй. Бид үүнийг дипломат арга замаар шийдэх ёстой гэж би бодож байна” гэж Пезешкиан хэлсэн байна. Энэ дайны тэргүүн эгнээнд тулалдаж буй Хувьсгалт Гвард нь зөвхөн Ираны дээд удирдагчид захирагддаг. Гэвч 86 настай дээд удирдагч Аятолла Али Хамени дайны эхний өдөр амь үрэгдсэн юм. Хаменигийн үхлийн дараа Ираны удирдлага гурван хүний бүрэлдэхүүнтэй түр зөвлөлийн гарт шилжээд байгаа. Эдгээр нь (дээрх зураг дээр байгаа гурван хүн) ерөнхийлөгч Пезешкиан, шашны ахлах номлогч Аятолла Алиреза Арафи, шүүхийн тэргүүн Голам-Хоссейн Мохсени-Эжей нар юм. Гэхдээ энэ түр зөвлөл Ираны зэвсэгт хүчнийг бүрэн хянаж чадаж байгаа эсэх нь тодорхойгүй байна. Пезешкиан уучлалт гуйсан хэдий ч өчигдрийн байдлаар дайны гал намжих шинж тэмдэг харагдахгүй байлаа. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Ираны ерөнхийлөгчийн уучлал гуйлтыг “Энэ бол зөвхөн АНУ болон Израилийн тасралтгүй цохилтын үр дүнд өгсөн амлалт. Тэд Ойрх Дорнодыг бүхэлд нь эзэлж, захирахыг хүсэж байсан” гэж сошиал хуудсандаа дүгнэн бичжээ. Дараа нь тэр “Иран одоо Ойрх Дорнодын дээрэлхэгч биш, харин Ойрх Дорнодын ялагдагч болсон” гээд Ираны эрх баригчдад нэн даруй бууж өгөх, эсвэл олон жил зовсны эцэст бүрмөсөн сүйрэх гэсэн хоёр л зам байгааг мэдэгдсэн байна. Трамп бас АНУ, Израилийн цохилтын бай хараахан болоогүй байгаа Ираны газар нутгийг “бүрэн сүйрэл, үхэл” хүлээж байгааг анхааруулжээ. Түүний засаг захиргаа Израил улсад $151 саяын үнэ бүхий зэвсэг шинээр нийлүүлэх шийдвэр саяхан гаргасан юм. АНУ-ын албаныхан Ираны эсрэг явуулж буй ажиллагаа нь хамгийн эрчимтэй үе шатандаа хүрээгүй байгааг анхааруулсаар байна. Тухайлбал Баасан гарагт АНУ-ын сангийн сайд Скотт Бессент телевизээр ярихдаа “манай хамгийн том ажиллагаа хараахан эхлээгүй байна” гэж мэдэгджээ. Эх сурвалж: Associated Press