Сураггүй болсон хилчнийг олоогүй байна
2026-03-29 - 02:14
Өмнөговь аймаг дахь Хилийн цэргийн 0131 дүгээр ангид алба хааж байсан цэрэг 2026 оны гуравдугаар сарын 25-ны өдөр сураггүй болсон талаар Хил Хамгаалах Ерөнхий Газраас өчигдөр /2026.03.28/ мэдэгдэв. Сураггүй болсон хугацаат цэргийн алба хаагч С нь 2026 оны нэгдүгээр ээлжээр Өвөрхангай аймгийн Уянга сумаас татагдсан бөгөөд нэг сарын дараа халагдах юм байна. Тэрбээр гуравдугаар сарын 25-ны 12:00 цагийн орчимд үүрэг гүйцэтгэж байсан сууриасаа 6-8 километрийн цаана бэлчээрт байсан тэмээн сүргийг эргүүлэхээр албаны мотоциклтой яваад сураггүй болжээ. Түүний араас малын суурийн ахлагч явсан боловч олоогүй тул дээд шатны удирдлагууддаа мэдэгдсэн байна. Улмаар хил хамгаалах байгууллага болон тухайн орон нутгийн цагдаа, онцгой байдлын алба, төрийн албан хаагчид, иргэдийн хамтарсан эрлийн багууд сураггүй болсон С-ийг эрэн хайх ажлыг эхлүүлжээ. Эрлийн баг нь 17 бүлэг, 17 автомашин, 12 мотоцикл, 6 дронтойгоор эрэн хайх ажиллагаа явуулж байгааг ХХЕГ-ийн өчигдрийн мэдээлэлд дурдсан. Мөн ХХЕГ-аас агаараас эрэн хайхаар нисдэг тэрэг ашиглаж байгаа аж. Өнөөдрийн байдлаар сураггүй болсон хугацаат цэргийн алба хаагч С олдоогүй байгаа бөгөөд эрлийн ажиллагаа үргэлжилж байгааг албаны эх сурвалж хэллээ.