TheMongoliaTime

АНУ-ын засаг захиргааны өндөр албан тушаалтнууд Трампын таалалд нийцэхийн тулд томдсон гутал өмсдөг болжээ

2026-03-16 - 03:26

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн засаглалын ээдрээтэй цаг үед багийнхаа гишүүдийг нэгтгэх нэг арга олсон нь өмссөн гутлаараа ижилсэх гэнэ. Өнгөрсөн долоо хоногт The Wall Street Journal сонин энэ талаар сонирхолтой баримт нийтэлжээ. Уг нийтлэлд өгүүлснээр Трамп өөрийн засаг захиргааны албан тушаалтнууд болон холбоотнуудад Америкийн Florsheim хэмээх үйлдвэрлэгчийн $145-ийн үнэтэй гутлыг бэлэглэдэг уламжлалтай болсон байна. “Бүх эрчүүд ийм гуталтай болсон” гэж Цагаан ордны нэг эмэгтэй ажилтан дээрх нийтлэлд ярьжээ. Өөр нэг эмэгтэй албан тушаалтан “Бүгд ерөнхийлөгчийн өгсөн бэлгийг өмсөхгүй байхаас айдаг болсон нь инээдтэй” гэж ярьсан байна. Цагаан ордны нэг эрэгтэй албан тушаалтан Louis Vuitton брэндийн гутлаа Florsheim хэмээх танил бус брэндийн гутлаар солих болж байгаадаа харамсаж байсныг дээрх эх сурвалж дурсжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр 79 настай Трамп бусдад гутал захиалж өгөхөөсөө өмнө өмсгөлийн хэмжээг нь өөрөө тааж зугаацдаг болсон гэнэ. “Тэр туслахдаа захиалах даалгавар өгснөөс хойш долоо хоногийн дараа хүрэн өнгийн Florsheim брэндийн хайрцагтай гутал Цагаан ордонд ирдэг. Трамп заримдаа хайрцаг дээр гарын үсгээ зурах, эсвэл талархлын үгс бичиж хавсаргадаг” гэж нэг эх сурвалж ярьжээ. Гэхдээ төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиогийн өмссөн гутлаас харвал Трамп заримдаа бусдын өмсгөлийн хэмжээг буруу баримжаалдаг бололтой. Сүүлийн үеийн арга хэмжээнүүд дээр Рубио ардаа маш их зайтай, томдсон гуталтай харагдах болсон юм. Дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс өнгөрсөн арванхоёрдугаар сард Цагаан ордны Зууван танхимд болсон уулзалтын талаар саяхан нэг ярилцлагадаа дурсаж байжээ. Тухайн үед Рубио, Вэнс, бас нэг нэрийг нь нууцалсан улс төрч нар Трамптай бодлогын маш чухал асуудлаар ярилцаж байсан гэнэ. Гэтэл Трамп гэнэт тэдний яриаг тасалж, гуталны тухай сэдэвт анхаарал хандуулсан байна. “Ерөнхийлөгч гараа өргөөд ‘Байзаарай. Үүнээс хамаагүй чухал нэг асуудал байна. Гутал’ гэж хэлсэн” гэж Вэнс дурсжээ. Дараа нь Трамп ширээгээ цохиод “Марко, Жэй Ди, та нар маш муухай гутал өмссөн байна. Бид үүнийгээ сайжруулах шаардлагатай” гэж хэлсэн гэнэ. Тэгээд Трамп тэнд байсан эрчүүдээс гутлын өмсгөлийн хэмжээг нь асууж байжээ. Гурав дахь улс төрч “7” гэж хариулахад Трамп сандлаа налаад “Гутлын хэмжээ тухайн хүний тухай их зүйлийг хэлдэг гэдгийг та нар мэдэх үү” хэмээн хошигнож байжээ. Эх сурвалж: The Wall Street Journal

Share this post: