TheMongoliaTime

Эрчим хүчний хямралд бухимдсан Куба улсын иргэд коммунист намын байрыг сүйтгэжээ

2026-03-15 - 02:38

Цахилгаан эрчим хүчний байнгын тасалдал, хүнсний барааны үнийн өсөлтөд бухимдсан иргэд эрх баригчдын эсрэг жагсаж, коммунист намын байрыг эвдэн сүйтгэсэн тухай мэдээ Куба улсаас иржээ. Энэ нь тус улсын хувьд тун ховор үзэгдэл юм. Бямба гарагийн шөнө төв бүсийн Морон хотын коммунист намын байранд хүмүүс халдсаны дараа таван хүнийг баривчилсан тухай Кубын дотоод хэргийн яам өчигдөр мэдээлжээ. АНУ-ын газрын тосны хориг арга хэмжээний улмаас арлын эдийн засаг гүнзгий хямарч, цахилгааны тасалдал улам нэмэгдэж, хүнсний бараа, эм тарианы хомсдол үүсээд байгаа. Дээрх үйл явдал Кубын эрх баригчид АНУ-ын засаг захиргаатай яриа хэлэлцээ хийж эхэлснээ анх удаа мэдээлснээс хойш хэдхэн цагийн дараа болжээ. Баасан гарагт Кубын ерөнхийлөгч Мигель Диас-Канел төв телевизийн сувгаар үг хэлэхдээ сүүлийн гурван сарын турш тус улсад ганц ч удаа гадаадаас газрын тос, түлш нийлүүлэгдээгүйг мэдээлсэн юм. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өмнө нь Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог баривчилсныхаа дараа Кубыг “дараагийн бай болно” хэмээн анхааруулж байв. Венесуэл улс Кубын эрчим хүчний хэрэгцээний тал хувийг хангадаг байсан юм. Куба улсын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл импортын түлшнээс ихээхэн хамааралтай байдаг. Баасан гарагийн жагсаал тайван замаар эхэлсэн ч сүүлдээ эмх замбараагүй байдалд шилжсэнийг Кубын төрийн өмчийн Invasor сонин мэдээлжээ. “Хэсэг бүлэг хүмүүс намын байрны хаалга руу чулуу нүүлгэж, үүдний хэсгээс гаргасан тавилгаар гудамжинд гал тавьсан” гэж дээрх мэдээнд өгүүлсэн байна. Энэ үеэр ойролцоох эмийн сан, худалдааны төв зэрэг байгууламжууд бас халдлагад өртжээ. Сошиал сүлжээнд “эрх чөлөө” гэж хашхирсан хүмүүс, тэдний чулуу шидэж, гал тавьж буйг харуулсан дүрс бичлэгүүд цацагдсан байна. Куба улсад олон нийтийн зүгээс эсэргүүцлээ илэрхийлэх явдал тун ховор гардаг. 2019 оны үндсэн хуулийн шинэчлэлтээр жагсаал цуглаан зохион байгуулах эрхийг иргэдэд олгосон ч хэрэгжүүлэх хууль тогтоомж батлагдаагүй байгаа. Сүүлийн үед нийслэл Хавана хотод өдөрт 15 цаг цахилгаан эрчим хүч тасалддаг болсон. Өнгөрсөн долоо хоногт эрчим хүчний хямрал сурч боловсроход нь саад болж буйд бухимдсан оюутнууд Хаванагийн Их сургуулийн байранд цуглаан зохион байгуулж байсан юм. Эх сурвалж: Associated Press

Share this post: