Б.Баярмаа: Дөрвөн жирэмсэн эх тутмын нэг нь сэтгэл гутралд өртөж байна
2026-03-09 - 04:47
"Жирэмсний үеийн сэтгэл зүй" сэдвээр Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (СЭМҮТ)-ийн Сэтгэл засал эмчилгээний тасгийн Сэтгэл засалч эмч Б.Баярмаа дараах зөвлөгөө, мэдээллийг хүргэлээ. Жирэмсэн үед дааврын өөрчлөлтөөс гадна гэр бүлийн уур амьсгал, нөхрийн хайр халамж, санхүүгийн байдал, ойрхон төрөх, төлөвлөөгүй жирэмслэлт гэх мэт шалтгаан сэтгэл зүйд нөлөөлдөг гэдгийг тэрбээр хэлсэн юм. Энэ талаар "Монгол Улсад 2017 онд хийгдсэн судалгаагаар нийт жирэмсэн эмэгтэйн 3-4 эмэгтэй тутмын нэг нь жирэмсний сэтгэл гутралд өртөж байна. Үүнд нөлөөлөгч хэд хэдэн хүчин зүйлс бий. Сэтгэл гутрал нь дааврын өөрчлөлтөөс шалтгаалж үүсэж болдог. Үүнээс гадна гэр бүлийн уур амьсгал, нөхрийн хайр халамж, санхүүгийн байдал, уг хүний сэтгэл зүйн онцлогоос шалтгаалж болно. Жирэмсэн эмэгтэй сэтгэл гутралд өртөж байгаа эсэх нь хэрхэн яаж анзаарагддаг вэ? Сэтгэл хөдлөл тогтворгүй болж маш амархан уйлах, гомдох, өмнө нь хийдэг байсан зүйлсээ хийхэд сэтгэл ханах мэдрэмж авахгүй болох, зарим тохиолдолд бүр амьдрах хүсэлгүй болох, эсвэл хүүхдээ төрүүлэхээс айх, хүүхэдтэй болмооргүй санагдах, магадгүй хямралтай байгаа үедээ гэр бүлийн дэмжлэг дутмагаас болоод гэр бүл салах, эсвэл нөхөртэйгөө таагүй харилцаатай болох зэрэг олон шалтгаан бий. Эдгээр шалтгаанаас үүдэн сэтгэл гутрал улам нэмэгдэх шинж тэмдэг илэрч болдог" гэв. Мөн тэрбээр "Ураг эхийн хэвлийд бүрэлдсэн цагаас хойш 14 хоногийн дараа зүрх цохилж, тархи ажиллаж эхэлж байгаа. Энэ цагаас ургийн сэтгэл зүй ч мөн яригдаж эхэлнэ. Ээж ямар сэтгэл зүйтэй байна вэ, яг тийм сэтгэл зүйн байдал урагт дамждаг учраас ялгаагүй нөлөөлдөг. Хэрвээ тухайн ээж эерэг өөдрөг байвал түүнийг дагаад ургийн сэтгэл зүй ч таатай тайван байдаг. Харин эсрэгээрээ эх нь түгшүүртэй, айдастай, сэтгэл гутралтай, сэтгэл санаа хямарсан байвал ураг түүнийгээ дагаад мөн сэтгэл зүйн хувьд тайван тогтвортой бус болно. Жирэмслэлт гэдэг зөвхөн ээж хүнтэй холбоотой асуудал биш. Энэ бол бүхэл бүтэн гэр бүлийн хариуцлага. Ихэнхдээ монгол эрчүүд, гэр бүлд анзаарагдаж буй зүйл нь эх жирэмсэн боллоо гэхэд төрөн төртөл тэр хүүхдийг бүх л талаас нь эрүүл байлгах, тээх, төрүүлэх хариуцлагыг голдуу эх дангаараа хариуцдаг. Гэтэл энэ дунд нөхрийн оролцоо, ээж, аавуудын оролцоо, үр хүүхдүүдийн оролцоо чухал. Хэрвээ тааламжгүй сэтгэлээр унаж байгаа мэдрэмжтэй байвал тухайн мэдрэмжийг нь ойлгож, сонсох, тухайн эмэгтэй өөрөө өөртөө сэтгэл хангалуун мэдрэмж төрөх тэр боломжоор нь хангаж өгвөл илүү дэмтэй” хэмээн зөвлөлөө.