TheMongoliaTime

Орчны аюулгүй байдал алдагдуулсан болон зөвшөөрөлгүй байршуулсан хаяг, сурталчилгааны байгууламжийг буулгаж эхэлжээ

2026-03-19 - 06:22

Нийслэлийн хэмжээнд 700 орчим гадна хаяг, зар сурталчилгааны байгууламж байгаагаас 493 нь зөвшөөрөлтэй байдаг байна. Эдгээрээс гэрээ, төлбөрийн зөрчилтэй, орчны аюулгүй байдал алдагдуулсан болон зөвшөөрөлгүй байршуулсан хаяг, зар сурталчилгааны байгууламжийг буулгах, стандартыг хангуулах ажлыг өнөөдрөөс эхлүүлжээ. Ингэснээр дүүрэг тус бүрд хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгох гэнэ. Өнөөдөр Баянгол дүүргийн 1, 4, 27 дугаар хороо, Хатанбаатар Магсаржавын гудамж буюу Улаанбаатар төмөр замын вокзалаас Төмөр замын их сургууль хүртэл үйл ажиллагаа явуулдаг 86 аж ахуйн нэгж байгууллагад хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартын шаардлагыг хүргүүлжээ. Гадна хаяг, зар сурталчилгааны байгууламжид дараах шаардлагыг тавьдаг байна. Орчин үеийн технологийн шийдлийг ашигласан байх бөгөөд засвар үйлчилгээг тогтмол хийж, бүрэн бүтэн байдлыг хангуулна. Хотын гудамж, барилга байгууламжийн нэгдсэн өнгө төрхтэй уялдуулна. Барилгын аюулгүй, бүрэн бүтэн байдал, өнгө үзэмжийг алдагдуулахгүй байх. Хаягийг монгол хэлээр бичнэ. Англи хэлээр бичих тохиолдолд монгол бичвэрийн доод талд эсвэл хойно хоёр дахин бага хэмжээгээр бичнэ. Хаягийг байрлуулахдаа нэг орон зайд нэг жигд загвар, хэмжээтэй байх зарчмыг баримтлах. Зохиогчийн эрхээр баталгаажсан бараа бүтээгдэхүүний логог өөрчлөхгүй. Хаягийн нийт хэмжээ фасадын 20 хувиас хэтрэхгүй. Хаяг нь гадна, дотор гэрэлтүүлэгтэй байх ба бүх байгууллагын мэдээллийг агуулсан нэгдсэн мэдээллийн байгууламж байршуулна. Тус ажлыг УБЗАА, нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газар, Хяналт шалгалтын газар, дүүргүүдийн Газар зохион байгуулалтын алба болон ЗДТГ хамтран хэрэгжүүлж байгаа аж.

Share this post: