Францын ерөнхийлөгч Макрон цөмийн хөдөлгүүрт нисэх онгоц тээвэрлэгчээ Газар дундын тэнгист шилжүүлэх тушаал өгөв
2026-03-04 - 02:36
Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон өчигдөр тус улсын цөмийн хөдөлгүүрт нисэх онгоц тээвэрлэгч хөлгийг Балтийн тэнгисээс Газар дундын тэнгист шилжүүлэх тушаал өгчээ. Энэ нь Ойрх Дорнодод үргэлжилж буй дайны аюулаас холбоотнуудынхаа өмч хөрөнгийг хамгаалах зорилготой гэнэ. “Charles de Gaulle” хөлгийг бусад байлдааны хөлгүүд болон сөнөөгч нисэх онгоцны бүрэлдэхүүн дагалдахаар ажээ. Үүнээс гадна сүүлийн хэдэн цагийн дотор Францын армийн Рафаэл сөнөөгч онгоцнууд, агаарын довтолгооноос хамгаалах системүүд, радарын системүүд Ойрх Дорнодын бүс нутагт төвлөрөн байрласныг Макрон мэдэгдсэн байна. “Бид энэ хүчин чармайлтаа шаардлагатай хэмжээгээр үргэлжлүүлэх болно” гэж тэр энэ үеэр хэлжээ. Бямба гарагт Ираны эсрэг АНУ, Израил улсууд байлдааны ажиллагаа эхлүүлэхэд Франц, Их Британи, Герман улсууд оролцоогүй ч Ираны пуужин, нисгэгчгүй онгоцны халдлагаас өөр өөрийн эрх ашгийг хамгаалах арга хэмжээ авахад бэлэн байгаагаа мэдэгдэж байв. Харин өчигдрийн мэдэгдэлдээ Макрон “мөргөлдөөн эхэлсний дараа хэдхэн цагийн дотор хууль ёсны дагуу өөрийгөө хамгаалах зорилгоор, мөн бидэнд найддаг холбоотнуудынхаа агаарын орон зайг хамгаалахын тулд нисгэгчгүй онгоцнуудыг буудаж унагасан” гэж хэлсэн ч илүү тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Нисэх онгоц тээвэрлэгчийг шилжүүлэн байрлуулах болсон шалтгааныг тайлбарлахдаа Макрон өнгөрсөн Даваа гарагт Кипр улс дахь Их Британийн агаарын бааз халдлагад өртсөн тохиолдлыг дурджээ. Кипр нь Европын Холбооны гишүүн бөгөөд Франц улстай саяхан стратегийн түншлэлийн гэрээ байгуулсныг тэр тайлбарласан байна. Үүнээс гадна Франц улс нь Катар, Кувейт, Арабын Нэгдсэн Эмират улсуудтай батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны гэрээтэй, Йордан, Ирак улсуудын өмнө хатуу үүрэг хүлээсэн болохыг тайлбарлажээ. Мөн Ираны дэмжлэгтэй Хезболла байгууллага Израил улсад халдаж, дайны хүрээг тэлж, Ливаны ард иргэдэд аюул учруулсныг Макрон “ноцтой алдаа” гэж шүүмжлэхийн хажуугаар Ливаны нутагт цэргээ оруулахгүй байхыг Израилийн эрх баригчдад уриалжээ. “Ингэх нь нөхцөл байдлыг хурцатгасан бас нэг стратегийн алдаа болно. Хезболлагийн халдлагыг таслан зогсоох ёстой бөгөөд Ливаны нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэхийг би Израил улсад уриалж байна” гэж Макрон хэлсэн юм. Тэр бас Франц улс олон улсын дэг журмыг хүндэтгэдэг уламжлалынхаа дагуу АНУ, Израил улсуудын Ираны эсрэг эхлүүлсэн байлдааны ажиллагааг “зөвшөөрч чадахгүй” гэж мэдэгджээ. Үүнийг Макрон олон улсын хууль дүрмийг зөрчсөн хэрэг гэж дүгнэсэн байна. “Мөн би Ираны ард түмэн өөрсдийн хувь заяаг өөрсдөө чөлөөтэй шийдэх ёстойг батлан илэрхийлмээр байна. Гэсэн хэдий ч түүх хэзээ ч өөрийн ард түмнийг цаазлагчийн араас гашууддаггүйг бас цохон тэмдэглэмээр байна” гэж тэр хэлжээ. Хэдийгээр Макрон холбоотнуудынхаа Ираны эсрэг явуулж буй ажиллагааг зөвтгөөгүй ч нөгөө талаар энэхүү мөргөлдөөнийг гарахад Ираны эрх баригчдын хариуцлагагүй байдал нөлөөлснийг бас хэлсэн байна. “Аюултай цөмийн хөтөлбөр, баллистик пуужингийн хөгжүүлэлт, Ливаны Хезболла, Йемений Хуситууд, Иракийн шийт бүлгүүд, , Палестины Хамас зэрэг хөрш орнуудын террорист бүлгүүдийг зэвсэглэж, санхүүжүүлсэн, Израил улсыг устгах зорилгоо үргэлж илэрхийлж байсан” гэж тэр Тегераны дэглэмийг буруутгажээ. Эх сурвалж: Associated Press