Сурагчдад Бөхийн өргөөнд болдог барилдааныг үзүүлж байх шийдэлд хүрчээ
2026-03-16 - 02:58
Нийслэлийн Засаг даргын Тамгын Газар Монголын Үндэсний Бөхийн холбоо хамтран ажиллахаар болжээ. Ингэснээр нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид монгол Бөхийн өргөөнд болдог барилдааныг үзэх, бөхийн түүх, уламжлал, дэг ёсны талаар мэдлэгтэй болох, холбогдох ном, товхимол унших, сонин, сэтгүүлийн архивтай танилцах боломж бүрдэж байгаа аж. Тухайлбал Монголын Үндэсний Бөхийн Холбооноос энэ сарын 14-ний өдөр монгол цэргийн өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдааныг Баянгол дүүргийн “Сэтгэмж” цогцолбор сургуулийн 150 гаруй сурагч үндэсний хувцсаа өмсөн хүрэлцэн ирж, барилдааныг үнэ төлбөргүй үзсэн байна. Үндэсний бөхөөр дамжуулан монгол ёс заншлаа дээдлэх үзлийг төлөвшүүлэх, уламжлалт спортоо танин мэдүүлэх, түгээн дэлгэрүүлэх уг арга хэмжээнд идэвх санаачилгатай оролцсон сургууль, сурагчдыг МҮБХ-оос шалгаруулж, сургуулиудад 10-20 сая төгрөгийн мөнгөн шагналын эрх олгох, бөхийн өргөөнд үнэ төлбөргүй арга хэмжээ зохион байгуулах боломж бүрдүүлэхээр болжээ. Харин сурагчдыг нэг сая төгрөг хүртэлх мөнгөн урамшууллаар шагнахаар шийдвэрлэсэн байна. Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэлийн хэлтэс