TheMongoliaTime

ФОТО: “Зэс-Эрдэнийн хувь” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид Э.Бат-Амгалан сайдад шаардлага хүргүүллээ

2026-03-09 - 05:57

Орхон аймгийн Эрдэнэт хотын зэсийн овоолго ашигладаг “Зэс-Эрдэнийн хувь” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид сар шинийн баярын өмнөхөн тус компанийн санхүү эрхэлсэн захирлаар ажиллаж байсан Э.Батбаяр болон түүний ах Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан нарт холбогдуулан гомдол гаргаж, Авлигатай тэмцэх газарт хандаж байлаа. Тэгвэл өнөөдөр “Зэс-Эрдэнийн хувь” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид Барилга, хот байгуулалтын яамны гадна цуглаж, Э.Бат-Амгаланд шаардлага хүргүүлж, жагсаал зохион байгуулж байна. “Зэс-Эрдэнийн хувь” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн түр хорооны дарга Дөлгөөнтамир: УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Э.Бат-Амгалан танд шаардлага хүргүүлж байна. Бидний ажиллаж буй Орхон аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Зэс-Эрдэнийн хувь” ХХК нь 2010 онд байгуулагдаж, 2021 оноос катодын зэс боловсруулах үйлдвэрээ барьсан. 2023 онд анхны бүтээгдэхүүнээ үйлдвэрлэсэн. 2021 оноос хөрөнгө оруулалт, зээл нэрийдлээр халхавчлан ноцтой төөрөгдөлд оруулж, холбогдох гэрээ байгуулсан боловч уг холбогдох хөрөнгө оруулалтын эх үүсвэр маргаантай гэмт хэргийн шинжтэй байз болзошгүй нөхцөл байдал үүссэн. Түүнчлэн байгуулсан гэрээ нь иргэний хуулийг зөрчсөн хэлцэл тул эдгээр асуудлын хүрээнд хууль хяналтын байгууллагад гомдол гаргасан. Гэвч хэрэг маргааны улмаас бид хохирогч байтал зарим тохиолдолд нөгөө талд хуулийн хяналтын байгууллага ажиллаж, үйлдвэрийг хэвийн ажиллуулах нөхцөлгүй болгож, манай компанийн үйлдвэрийн ажилчдыг хууль хяналтын байгууллагаар шалгуулах зэргээр байнга дарамталж байгаа нь улс төрийн нөлөө бүхий хүмүүсийн оролцоо байгаа гэдэгт итгэлтэй байна. Санхүүгийн луйврын улмаас компанийг 30 тэрбум төгрөгийн НӨАТ-ын өрөнд оруулж, сүүлийн хоёр жил “Зэс-Эрдэнийн хувь” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид бид ногдол ашиг авах боломжгүй болсон. Таны төрсөн дүү болох Э.Батбаяр нь олон мянган иргэдийн эрх ашгийг хохироож байгаа нь улс төрийн нөлөө бий гэдгийг дээр дурдсан. Та ард түмний элчээр сонгогдож, гагцхүү олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана хэмээн тангараг өргөсөн. Гэтэл таны хамаарал бүхий хүмүүсийн ийнхүү ёс зүйгүй аашилж байгаа нь том ар талтай нөлөө бүхий байгааг илтгэж байна. Иймд та болон таны хамаарал бүхий хүмүүсийн өнөөдрийг хүртэл хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, олон түмэнд өргөсөн тангарагтаа үнэнч ажиллахыг шаардаж байна. Ерөнхий сайд Г.Занданшатарт бид шаардлага хүргүүлнэ, "Зэс-Эрдэнийн хувь” ХХК-ийн 15 мянга орчим хувьцаа эзэмшигчид гарын үсгээ цуглуулсан. Бид энэ үйл хэргийнхээ ард нь гартал зүтгэнэ, болохгүй бол өлсгөлөн зарлах хүртэл хурц хэлбэрт шилжинэ. Өнөөдөр 150 хувьцаа эзэмшигчид ирсэн. Маргаашаас дахиад ирж, Э.Бат-Амгалан сайдыг огцруулах, түүний дүү Э.Батбаярын шамшигдуулсан 30 тэрбум төгрөгийг хууль хяналтын байгууллагаар шалгуулаад үнэн зөвийг нотолно гэдэгт итгэлтэй байна. ФОТО:

Share this post: