TheMongoliaTime

Лалын Иран хэмээх Галзуу "хүн"-ий гарт хутга бүү бариул

2026-03-03 - 04:27

Олон улсын харилцааг сонирхон судалдаг зураач Т.Отгонбаярын ээлжит нийтлэлийг хүргэж байна. Нийгэмд аюултай, галзууг нь мэдсээр байж сул тавьсны гайгаар жирэмсэн бүсгүй балчир охины хамт галзуу хүний гарт байсан хутганд сийчүүлэн амь үрэгдэж нэгэн айл өрхийн амьдрал орвонгоороо эргэсэн гунигт нэгэн жишээ нийслэлийн захын нэгэн дүүрэгт гараад сар гаруйхан болж байна. Геополитик бичих гэж байгаа юм бол юун ахуйн гэмт хэрэг бичээд унав аа гэж үү? Тийм ээ, өнгөц харахад хэн ч тэгж хэлнэ. Гэхдээ юманд учир, суманд хачир гэдэг дээ. Лалын шашны догшин сургаалаар оюун санаа, зүрх сэтгэлээ нэвт цэнэглэсэн Ираны хэт шашинжсан, харгис үзэл баримтлалтай улс төрчид, генералуудын адын хүсэл биелж гэмээ нь тэд “гартаа хутга барьсан” аймшигт нэгэн “галзуу” жинхэнэ утгаараа бий болох гээд байсан юм л даа, энэ хорвоод. Тэд яг л дээрх галзуу шиг, цөмийн бөмбөг гэдэг “хутга” бариад хавь ойроо сүйдэлчих өндөр магадлалтай байсан юм. Би гүтгээгүй шүү. 2015 онд Ираны удирдагчид, ялангуяа тухайн үеийн ерөнхийлөгч Хасан Рухани (Hassan Rouhani) болон цэргийн удирдлагууд Израил руу хандан хийсэн түрэмгий мэдэгдлүүдийг бататгаж Аятоялла Хаменей “Сионист дэглэм 25 жилийн дараа оршихгүй” гэж мэдэгдэж байсан бичлэг, нийтлэл, тайлбар мэдээ, контент интернэтээр дүүрэн байна. Тэгэхээр Израил гэдэг улс, түүний ард иргэд нь яах болж байна? Биднийг битгий “хутгалаач, амь авраач Хомейн гуай” гээд өвдөг сөхрөн мөргөх болж байна уу? Эсхүл тэр “хутга”-ыг нь устгадаг ч юм уу, хурааж авдаг ч юм уу нэг юм хийж л таарна биз дээ? Эсхүл бууж өгч “амьтан” болно. Өөр гарцгүй. “Бид нухацтай хариу арга хэмжээ авах цаг болжээ. Нэг бол тэдэнтэй (Ирантай) тулалдаж ялах, үгүй бол азгүй амьтан хэвээр үлдэх сонголт өмнө минь ирсэн байна. Тэд пуужин бүтээчихвэл манай улс руу довтлох нь цаг хугацааны асуудал болно. Ингэснээр бидэнд илүү том аюул заналхийлнэ” хэмээн Доналд Трамп аль 2015 онд анх удаагаа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийн өмнө “Great Again: How to Fix Our Crippled America?” (Дахин хүчирхэгжье. Тахир дутуу болсон Америкаа хэрхэн засах вэ?) гэдэг номдоо бичиж байжээ. Тэрбээр 2024 дахин сонгогдсоноосоо хойш Ираныг “хутгаа хураалгачих” гээд олон удаа хэлэлцээ хийж хийж, сүүлчийн удаа долоо хоногийн өмнө Женевт тохиролцохыг оролдсон боловч энэ нь хий хоосон мөрөөдөл байсныг ойлгов. Америкийн тэвчээр барагдлаа. Ингээд Ерөнхийлөгч Доналд Трамп дээр хэлсэн үгээ ажил хэрэг болгож 2026.02.28-нд Иран руу Израилийн хамт анхны цохилтуудаа хийлээ. Америк энэ удаа тус улсын пуужингийн үйлдвэрийг бүрэн устгах зорилготойгоо мэдэгдэв. Үүний араас Их Британи улс Ираны пуужингуудыг хөөрөхөөс нь өмнө, агуулахдаа байхад нь устгах зөв. Хохирлыг эрс багасгана гэж үзэж байгаа тухай Ерөнхий Сайд Стармер мэдэгдсэний дараа Франц, Герман улсууд энэ бодлогыг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Америк ч дэмжиж таарна. Иран “хутга”-гүй гар хоосон болно. Аюул арилна. Энэ дайн ирээдүйд манай Америкт учрах аюулаас сэргийлж байгаа юм. Мэдээж бас Израил анд нөхдөө хамгаална гэсэн утгатай үг хэлж байна, Трамп гуай. Израил улс бол АНУ-ын No1 холбоотон юм. “АНУ-ын Үндэстний Аюулгүй байдлыг шинэ номлол”-оор “Бүрэн эрхт, тусгаар тогтносон Израил улс оршин тогтнох нь Америкийн үндэстний эрх ашигт нийцнэ” хэмээн тунхагласан. Америк улс оршин байж л Израиль Улс Ойрх Дорнодод аюулгүй оршин тогтнож байгаа юм. Эс тэгвэл жижигхэн Израил Лалын хэт шашинжсан, харгис үзэл баримтлалтай улс төрчид, генералуудын байнгын заналхийлэл дор амьдрах болно. Тэд хэдэн зуун саяулаа, Израил ердөө л 10 сая хүнтэй. Ираны удирдагчид Израилийг устгана гэсэн болохоос Америкийг гээгүй шүү дээ гэж нэг танил маань надтай маргаж байна л даа. Үгүй дээ, Ираны удирдагчид 1979 оноос хойш Америкийг ч байнга заналхийлсээр ирсэн юм. Янз бүрийн төвшний иймэрхүү мэдэгдэл тасралтгүй 47 жил үргэлжилж байна. Гэхдээ эдгээр нь зүгээр нэг хоосон сүрдүүлэг биш. “Иран хийцийн хутга-цөмийн зэвсэг” хийхэд бэлэн болчхоод байгаа юм л даа. Зарим баримтад тэд 1980-аад оны дунд үеэс цөмийн энергийн судалгаагаа эхэлж, түүнийгээ ихэд нууцалсан боловч 2002 онд нууц цөмийн байгууламжууд нь ил болсон. Үүнд Оросын гар хөл ч орсон байх магадлал маш их. Оросууд Ираны Bushehr Nuclear Power Plant-ыг барьж дуусгахад оролцож, түүнийээ “Энхтайваны зорилгоор” гэж тайлбардаж байсан ч үүнд итгэх үндэслэл тун бага. Улмаар олон улсын шинжтэй бөөн маргаан мэтгэлцээн дэгдэж Олон Улсын Цөмийн Эрчим хүчний Агентлаг-ОУЦЭХА (International Atomic Energy Agency-(IAEA) шалгалт хийхэд, сэжиглэл бодитой болж Ираныг энхтайваны зорилгоор бус цөмийн зэвсэгтэй болохоор ажиллаж байна гэж буруутгажээ. Ингээд талууд хэлэлцэн Иранд хандан ураны баяжуулалтаа хязгаарлахыг зөвлөж 2015 онд Joint Comprehensive Plan of Action (Хамтын ажиллагааны цогц төлөвлөгөө) гэдэг гэрээ хүртэл байгуулсан боловч тэд амлалтаасаа буцаж цөмийн зэвсгийн программаа нууцаар үргэлжлүүлсээр байсан тул 2018 онд Ерөнхийлөгч Трамп АНУ-ыг энэ гэрээнээс гаргасан. Олон Улсын Цөмийн Эрчим хүчний Агентлаг (IAEA)-ийн тайланд дурдснаар Иран улс “Uranium”-ыг 60 хувь хүртэл баяжуулаад байгаа бөгөөд одоо ганц ухасхийхэд л цөмийн зэвсэгт шаардлагатай 90 орчим хувьд хүрэх боломжтой гэж шинжээчид үздэг юм байна. Барууны, цөмийн эрчим хүчний өндөр төвшний мэргэжилтнүүд, цэрэг зэвсгийн шинжээчдийн үзэж байгаагаар хэрэв улс төрийн шийдвэр гарвал Иран улс энэ зун гэхэд, за үсрээд цаад хугацаа нь энэ 2026 ондоо багтан Иран хийцийн цөмийн зэвсэг Хурц “хутга”-тай болчих гээд байсан учраас Америкийн Нэгдсэн Улс өөрийнхөө төлөө, Израил болон Ойрх Дорнодын төлөө, бүр өргөн утгаараа хүн төрөлхтний нийтлэг эрх ашгийн төлөө, Ираны хэт даврагсдын адын хүслийг таслан зогсоохоор ариун дайныг эхлүүлэв. Сая сая хүний амь насыг урьдчилан авран хамгаалж буй энэ үйлдлийг би “Ариун дайн” гэж үзэж байна. Тийм ээ, Ираны одоогийн харгис эрх баригчдад “Галзуу хүний гарт хутга бүү бариул” гэдэг үг яг зохино. Өөр зам алга. Аливаа дарангуйлагч унах үед "Даалууны эффект" үйлчилдэг. Тэд цагаа болохоор ямар хурдан мөхөж сөнөж болохыг бишгүй л нэг харж байна. Хоёрхон сарын хооронд Венесуэл, Сири. Одоо Иран.Удахгүй Куба. Харин дараа нь ??? 1979 оны Лалын шашны хувьсгалаас өмнө Шахын үед Иран улс цэцэглэн хөгжсөн сайхан орон байсан сан. Дэлхийн соёл иргэншлийн нэг гол төв, энэ сайхан орон бараг хагас зуун жил “Хар лам” нарын харгис дарангуйлалд зовлоо. “Дайны дараа Иран ард түмэн эрх чөлөөтэй болж төрийн эрхийг аваарай, бид явна” гэж Трамп мэдэгдлээ. Америк тэдэнд эрх чөлөөг бэлэглэж байна. Өнө эртний түүхт Иран орон цэцэглэн хөгжиж, хүн ард нь амар тайван байх болтугай. Тодын Отгонбаяр (Лондон зураач) 2026.03.02

Share this post: