TheMongoliaTime

МАН-ын УЗ бусдын ашиг сонирхолтой давхацсан АН-ын шаардлагыг дарж чадах уу

2026-03-27 - 05:33

Монгол Ардын Намын Удирдах зөвлөл хуралдаж чадвал улс төрийн гацаа арилах нь ээ. Гэвч өнөөдөр хуралдахаар яригдсан УЗ-ийн сураг одоогоор алга. УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс эрх баригч намын дарга парламентыг удирдах нь буруу, МАН-ын дарга Н.Учрал УИХ-ын даргын албан тушаалаа өгөх ёстой гэдэг зарчмыг шаардан байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй хоёр долоо хонож буй. Сөрөг хүчний хувьд энэ нь зүй ёсны шаардлага. Харин сөрөг хүчний энэхүү шаардлагад эрх баригч намын олонх сөхөрч, эрх мэдлийн зохион байгуулалтаа дахин зурахаас аргагүй байдалд ороод буй. АН-ын бүлгийн 42 гишүүн парламентын үйл ажиллагаанд оролцохгүй байсан ч 68 гишүүнтэй олонх дангаараа ирцээ хангалттай бүрдүүлэхээр. Гэвч хэдийнээ хоёр тийш харсан бүлгийн гишүүд АН-ын акцтай хамжин “дайсны” талдаа ашиг сонирхлоо тулгаж буй дүр зураг өнөөдрийн парламентаас харагдана. УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр /2026.03.26/ ээлжит бусаар хуралдсан ч асуудлаа шийдэж чадалгүй УЗ рүүгээ шилжүүлсэн. УЗ хуралдвал асуудал шийдэгдэнэ хэмээсний учир нь энэ. Тэгвэл энэ зангилааг тайлж чадах талууд ямар байр суурь илэрхийлснийг сонирхъё. Ямар боловч АН-ын шаардлагад МАН-ын залуу дарга гаднаа ил гаргадаггүй юм гэхэд дотроо тун тааламжтай хандах нь гарцаагүй. “Гадна”-аас гүйцэтгэх засаглалын тэргүүнийг томилсон нь эрх мэдлийн хуваарилалтыг алдагдуулж, намын дотоод хагарлыг гүнзгийрүүлсэн. Тиймээс ч Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилогдох үед намын дарга засгаа авах нь цаг хугацааны л асуудал гэх яриа улс төрийн хүрээнд өрнөж байв. Өөрөөр хэлбэл, Н.Учрал намын дарга, парламентын спикер болсон ч засгийн газраа тэргүүлэхгүй л бол эрх баригч намын бодлого, зарчим алдагдана гэдэг асуудал тухайн үед яригдсан хэрэг. Энэ ч ёсоор болж АН шаардлага тавьсан. Хэрэв УИХ-ын дарга сөрөг хүчнийхээ шаардлагыг хүлээн авсан тохиолдолд буюу парламентын спикерээс чөлөөлөгдвөл Ерөнхий сайд болно. Ингээд дараагийн засгийн газрыг эмхлэн байгуулах ажил өрнөнө гэсэн үг. Тиймээс АН Н.Учралаас тун таатай зүйл шаардсан байх нь. Үүнээс гадна УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ нарын эрх ашиг Ардчилсан намын зарчмын шаардлагатай давхацсан нь бас л сонирхолтой. Ямартай ч Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан тэргүүтэй гишүүд ирцэндээ оролгүй хойш суусаар өчигдөр Ерөнхийлөгчийн өрөөнд болсон уулзалтад төлөөллөө оролцуулсан гэх. Тэрхүү уулзалтад Д.Амарбаясгалан оролцож өөрсдийн талын саналаа илэрхийлжээ. Тэдний зүгээс Шадар сайд асан С.Амарсайханыг тэргүүн шадар сайд эсвэл УИХ-ын даргын албан тушаалд томилуулах сонирхолтой байгаа аж. Харин өнөөдрийн улс төрийн үйл явц хэнд хамгийн ашиггүй вэ гэвэл Ерөнхий сайд Г.Занданшатарт болж таарч байна. Парламентын спикерийн суудлаас УИХ-ын сонгуульд өрсөлдсөн ч тойргоосоо гарч чадаагүй Г.Занданшатар алга урвуулахын зуурт Ерөнхий сайд болсон. Нэгэнтээ огцорсон ч Үндсэн хуулийн цэцийн ачаар буцаж ирсэн тэрбээр хоёр дахиа огцрох магадлал тун өндөр болоод буй. Гэхдээ энэ удаад огцорбол эргэх ирэх "шаансгүй" болно. Тиймээс л олон нийтийн сүлжээнд “Хулгайтай би эвлэрэхгүй. Ухрах, тохирох ямар ч бодол алга” хэмээн мэдэгдсэн биз ээ. Ийнхүү улс төрийн намын дотоод хагарал, эрх мэдлийн төлөөх тэмцлийн дүнд хаврын чуулган албан ёсоор эхэлсэн ч хуралдаж чадалгүй хоёр долоо хонож, парламентад хямрал нүүрлээд байна. МАН-ын УЗ хуралдаж, түүнээс гарах шийдвэр нь энэхүү хямралыг зогсоож чадах болов уу.

Share this post: