Францын нэг хотын даргын сонгуульд Хитлер, Зеленский нар өрсөлдөж байна
2026-03-19 - 03:43
Францын нэг жижиг хотын даргын сонгуульд Хитлер, Зеленский нэртэй хүмүүс өрсөлдөж байна. Парис хотоос зүүн өмнө зүгт 160 км зайд оршдог, 2,785 оршин суугчтай Арсис-сур-Обе хотын одоогийн даргын нэрийг Шарль Хитлер (Charles Hittler) гэдэг ажээ. Тэрбээр ирэх Ням гарагт болох хотын даргын сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтад хоёр нэр дэвшигчтэй өрсөлдөж байгаа юм. Өрсөлдөгчдийн нэгийг Антуан Рено-Зеленский (Antoine Renault-Zielinski) гэдэг юм байна. “Амьдралынхаа туршид би өөрийн нэртэй холбоотой хошигнол олон сонсож байсан. Заримдаа хүмүүс миний сонгуулийн зурагт хуудас дээр сахал зурсан байдаг. Энэ нь тийм том асуудал байгаагүй. Гэтэл энэ удаа бүр хяналтаас гараад байна. Би онлайн сүлжээнд ‘Арсисийн оршин суугчдын 37 хувь нь Хитлерчүүд’ гэсэн гарчигтай нийтлэл харсан. Эхнэр маань үүнээс болоод уйлж байна” гэж Шарль Хитлер орон нутгийн хэвлэлд ярьжээ. Францын сошиал орчин Германы нацистуудын удирдагч Адольф Хитлер, Украины ерөнхийлөгч Володимир Зеленский нар хоорондоо тулалдаж байгааг харуулсан шог зураг, постуудаар дүүрсэн байна. “Манай гэр бүл Германы хил дагуу оршдог хойд Алсас мужаас гаралтай бөгөөд аав маань хоньчин байсан. Дайны үеэр түүнийг албадан ажиллуулахаар Герман руу ачиж байсан. Тэр буцаж ирснийхээ дараа ээжтэй маань танилцаж байсан юм. Бүгд л түүнд нэрээ солихыг зөвлөж байсан гэдэг. Гэхдээ энэ бол дайны дараа 1949 он байсан. Нэрээ солиход ажил ихтэй, мөнгө хэрэгтэй байсан болохоор тэд өөрчилж чадаагүй” гэж Хитлер ярьжээ. Түүн шиг овогтой хүн одоо Франц улсад цөөхөн үлдсэн гэнэ. Аавынх нь үеэлүүд бүгд охидтой байсан тул ийм овог аваагүй юм байна. Шарлийн нэг хүү хүмүүсийн анхаарлыг татахгүйн тулд нэрээ “Хит-лай” гэж дууддаг, ач зээ нар нь ээжийнхээ овгийг авсан байна. Гэхдээ Францын өөр хотуудын иргэдийн хурлын сонгуульд Хитлер овогтой нэг охин, нэг бэр нь өрсөлдөж байгааг тэр хэлжээ. “Хүмүүст танигдмагц нэр нь хамаагүй болж эхэлдэг. Хүмүүс нэрийн ард байгаа хүнийг хардаг болдог. Намайг таньдаг хүмүүсийн дунд би зүгээр л Ноён Шарль шүү дээ. Тиймээс би нэрээ хадгалахаар шийдсэн” гэж Хитлер ярьж байна. Тэрбээр баруун төвийн үзэлтэй улс төрийн намыг төлөөлөн сонгуульд өрсөлдөж байгаа бол түүний өрсөлдөгч Зеленский хэт барууны үзэлтэй Эх Оронч хөдөлгөөнийг төлөөлдөг гэнэ. 28 настай Антуан Рено-Зеленский нь саяхан Арсис-сур-Обе хотод суурьшсан гаалийн ажилтан юм байна. Тэрбээр овог нэрээ Польш гаралтай ээжээсээ өвлөжээ. “Хүмүүс надаас Зеленскийтэй холбоотой эсэхийг байнга асуудаг. Ялгаа нь польш нэр ‘i’ үсгээр төгсдөг бол украин нэр ‘y’ үсгээр төгсдөг” гэж тэр BFMTV сувагт ярьжээ. “Сошиал орчинд хүн бүр бидний тухай ярьж байгааг би саяхан мэдсэн. Хүмүүсийн анхаарлыг яагаад татаж байгааг би ойлгож байна. Миний хувьд энэ нь хөгжилтэй санагддаггүй ч бас төвөг учруулдаггүй. Хүмүүс уг нь Арсисын талаар өөр шалтгаанаар ярьж байсан бол дээр байлаа. Гэхдээ ядаж бид газрын зураг дээр анзаарагддаг боллоо” гэж тэр ярьсан байна. Хотын даргын сонгуулийн эхний шатанд Хитлер нөгөө хоёр нэр дэвшигчээсээ цөөхөн саналын тоогоор илүүрхэж байжээ. Ням гарагийн сонгуулиар тэдний нэг нь хотын дарга болох юм. Хитлер нь Адольф Хитлерийг төрийн эрхийг авахаас өмнө ч Германд харьцангуй ховорт тооцогддог нэр байжээ. Дэлхийн Хоёрдугаар дайны дараа ийм нэртэй хүн бараг байхгүй болсон гэдэг. Эх сурвалж: BBC