Улаанбаатар хотын дулаан хангамжийн системийг шинэчлэхэд Францын компани хамтран ажиллана
2026-03-18 - 02:42
Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийг шинэчлэх чиглэлээр Францын техникийн туслалцааны санхүүгийн хэрэгсэл болох FASEP хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах боломж, дэд бүтцийн салбарт хамтран ажиллах талаар тус улсын “Veolia” группийн удирдлагуудтай санал солилцжээ. Энэ үеэр Нийслэлийн удирдлагын зүгээс "Улаанбаатар хот 1.8 сая хүн амтай бөгөөд үүний 60 орчим хувь нь орон сууцанд амьдардаг. Орон сууцнаас гарч буй бохирыг төв цэвэрлэх байгууламжид боловсруулдаг ч лагийг бүрэн боловсруулах хүчин чадал дутмаг хэвээр байна. Өнөөдрийн байдлаар цэвэрлээгүй лагийг голын орчимд хатааж, газарт булж байгаа нь байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байна. Иймд Улаанбаатар хотод лаг боловсруулах үйлдвэр байгуулах зайлшгүй шаардлага үүсээд буй" гээд “Veolia” групптэй хамтрахад бэлэн байгаагаа илэрхийлж, төслийн техник эдийн засгийн үндэслэлийг танилцуулав. “Veolia” группийн төлөөлөгчид 2015 онд Хонконг хоттой хамтран хэрэгжүүлсэн лаг боловсруулах үйлдвэрийн туршлагаа танилцуулж, үйлдвэр нь лагийг дулааны болон шаталтын аргаар боловсруулдаг бөгөөд өдөрт 2,000 тонн лаг боловсруулах хүчин чадалтай, дэлхийн томоохон төслүүдийн нэг гэдгийг онцолжээ. Түүнчлэн “Veolia” групп ус хангамж, ариутгах татуургын салбарт хуримтлуулсан туршлагаа Монгол Улсад нэвтрүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна. Энэ хүрээнд дулаан хангамжийн системийг шинэчлэх ТЭЗҮ боловсруулахад хамтран ажиллах хүсэлт тавьсан байна. Талууд цаашид уулзалтууд зохион байгуулж, хамтын ажиллагаагаа илүү өргөн хүрээнд хөгжүүлнэ гэдгээ илэрхийлэв. Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэлийн хэлтэс