Илон Маск шүүх хуралд ирэхдээ хэвлэлийн дуранд өртөхгүйн тулд сэтгүүлчдийг хуурах арга хэрэглэжээ
2026-03-05 - 03:17
Лхагва гарагт тэрбумтан Илон Маск өөрийнх нь эсрэг гомдол гаргасан Твиттерийн хувьцаа эзэмшигчдийн шүүх хуралд оролцжээ. Тэрбээр 2022 онд тус компанийг худалдан авч нэрийг нь Х болгон өөрчилсөн билээ. Ингэхдээ тэр Твиттерийн хувьцааны ханшийг зориуд унагаж, үнэт цаасны тухай хуулийг зөрчсөн гэж хэсэг хувьцаа эзэмшигчид үзэж байна. Өчигдөр Сан Франциско хотын холбооны шүүхийн байрны гадаа Маскийн зургийг авах гэсэн зураглаачид, сэтгүүлчид цуглаад байжээ. Энэ үеэр нэг Тесла брэндийн автомашин шүүхийн байрны гадаа ирж зогсоход хамгаалагчид тойрч зогссон байна. Сэтгүүлчдийн бүх анхаарал уг автомашин дээр төвлөрөөд байх үед үүнээс хэдэн метрийн зайд зогссон өөр нэг SUV загварын автомашинаас Маск хамгаалагч нарын хамт гарч ирээд шүүхийн хаалгаар яаран оржээ. “Тэр биднээс 100 футийн зайд л байсан байх. Бид түүнийг өөр автомашинаас буухыг анзаарсан. Тэр машинаас буугаад хаалгаар ороход гуравхан секунд л болсон байх” гэж Блүүмбэргийн зураглаач Дэвид Моррис ярьсан байна. Энэ үйл явдлын дүрс бичлэгийг NBC сувгийн сэтгүүлч Скотт Бадмэн сошиал хуудсандаа нийтэлжээ. Watch: Elon Musk sends A DECOY TESLA AND GUARDS to try and fool the press as he enters the SF courtroom today for the Twitter buyout trial. (Keep going .. we found him). pic.twitter.com/dV0c3sIxty — scott budman (@scottbudman) March 4, 2026 Сэтгүүлчид шүүх хурлын дараа Маскийг гарч ирэхэд зургийг нь авахаар дахин хүлээж эхэлсэн байна. Ингэхдээ тэд өмнөхөөсөө туршлагажиж шүүхийн хаалга бүр дээр зураглаачдыг давхар байрлуулжээ. Эх сурвалж: Business Insider