АНУ-ын зэвсэгт хүчин Ираны эдийн засгийн зүрх болсон Харк арал дээрх цэргийн байгууламжуудыг устгаснаа зарлав
2026-03-15 - 01:56
АНУ-ын зэвсэгт хүчин Ираны эргээс холгүй оршдог жижиг арлыг бөмбөгдсөн тухай ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр мэдээлжээ. Түүний мэдээлснээр Харк арал дээрх цэргийн байгууламжууд бүрэн устсан бөгөөд харин газрын тосны дэд бүтцийг нь хөндөлгүй үлдээсэн гэнэ. Гэхдээ дэлхийн газрын тосны тээвэрлэлтийн чухал зам болох Ормузын хоолойд аюул занал учруулахаа зогсоохгүй бол Харк арлын дэд бүтцийг мөн устгахаа Ираны эрх баригчдад анхааруулсан байна. Харин Ираны тал Харк арлын дэд бүтцэд халдвал АНУ-тай хамтран ажилладаг бүс нутгийн компаниудын газрын тосны байгууламжуудад цохилт өгөхөөр хариу сүрдүүлжээ. Эргээс 24 км орчим зайд оршдог Харк хэмээх жижиг хадан арал нь Ираны эрчим хүчний дэд бүтцийн амин чухал цэг юм. Эх газраас уг арал руу татсан хоолойгоор Ираны түүхий газрын тосны экспортын 90 орчим хувь дамжиж, хөлөг онгоцнуудад ачигддаг. Арлыг хүрээлсэн тэнгисийн ус нь эх газрын эргийн гүехэн устай харьцуулахад хангалттай гүн тул маш том багтаамжтай хөлгүүд эндээс газрын тос ачих боломжтой байдаг. Тиймээс Харк арлын терминалаас Ираны гол худалдан авагч Хятадын том хөлгүүд газрын тос ачаад Ормузын хоолойгоор дамжин Персийн булангаас гардаг юм. Трамп өчигдөр мэдэгдэхдээ Харк арал дээрх Ираны цэргийн байгууламжуудыг бүрэн устгасан бөгөөд “ёс суртахууны үүднээс” арлын эрчим хүчний дэд бүтцийг хөндөлгүй үлдээснийг тайлбарласан байна. АНУ-ын цэргийн төв тойргийн командлал Харк арал дээрх Ираны цэргийн 90 гаруй байнд агаараас довтолсноо баталжээ. Тухайлбал тэнгисийн мина хадгалах байр, пуужин хадгалах бункер, радарын систем зэргийг устгасан гэнэ. Ираны төв хэвлэл арлын эрчим хүчний дэд бүтцүүдэд гэмтэл учраагүйг баталжээ. Хэрвээ Харк арлын эрчим хүчний дэд бүтцийг устгавал энэ нь Ираны эдийн засгийг сүйрүүлж, дахин сэргэхэд урт удаан хугацаа шаардах хэмжээний гамшиг үүсгэх юм. 1980-аад оны Иран-Иракийн дайны үеэр ийм зүйл тохиолдоход арлын дэд бүтцийг сэргээн босгоход олон жилийг зарцуулж байжээ. Энэ нь зөвхөн Тегераны дэглэмд цохилт болохоос гадна Ираны ард түмний амьдралд ноцтой гамшиг учруулах аюултай юм. Харин АНУ-ын зэвсэгт хүчин Харк арлыг эзлэн авах хувилбарыг ажиглагчид үгүйсгэхгүй байна. Хэрвээ ингэвэл Ираны газрын тосны экспортыг хяналтдаа авахаас гадна арлыг эх газарт довтлох түшиц газар болгох боломжтой юм. АНУ-ын зэвсэгт хүчин саяхан 5,000 хүртэл тэнгисийн явган цэрэг бүхий байлдааны хөлгүүдийг Персийн буланд нэвтрүүлсэн талаар хэвлэлүүд мэдээлсэн нь дээрх таамгийг улам үнэмшилтэй болгож байна. Эх сурвалж: BBC