TheMongoliaTime

АН-ын бүлэг хуралдаж, газрын тосны салбарын гадаад, дотоод зах зээлийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсжээ

2026-03-27 - 04:42

Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан Нам (АН)-ын бүлэг өнөөдөр \2026.03.27\ ээлжит бусаар хуралджээ. Өнөөдрийн хурлаар Газрын тосны салбарын гадаад, дотоод зах зээлийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг сонслоо. Танилцуулга мэдээллийг Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны Газрын тосны бодлогын газрын дарга Ч.Хишигдалай нар гишүүдэд өгч асуултад хариуллаа. Гишүүдийн зүгээс Засгийн газраас дотоод зах зээл дэх шатахууны олдоц, хүрэлцээ, нөөц болон баримтлах бодлогын талаар асуув. Мөн шатахууны үнэ гадаад зах зээлд өсөлт өндөр байгаа энэ үед Засгийн газар зөв бодлого баримтлах ёстой. Татварын бодлогоороо үнийг хэт өсгөхгүй байх тал дээр анхаарч ажиллах. Цаашлаад шатахууны үнэ өсөхөөр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өснө. Буцаад үнэ буурахгүй асуудлууд байсаар ирсэнд онцгой анхаарч ажиллах шаардлагатай. Түүнчлэн аливаа улс төржсөн мэдээлэл гаргахгүй, иргэд олон нийтийг бодит мэдээллээр хангаж ажиллах ёстойг сануулсан байна. Уг хуралдааны дараа АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Тэрбээр "Эрх баригч намын дарга УИХ-ын даргаар хавсран ажиллахыг хуулиар хориглоогүй гээд байгаа. Хориглосон бол угаасаа болохгүй. Хуулиар хориглоогүй учраас болно гэдэг нь зарчимгүй тайлбар. Хуулиар хориглоогүй буруу уламжлалыг засах нь зүйтэй гэдэг байр суурийг бид илэрхийлж байгаа. Бид албан бичгээ УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ индэр дээрээс хурал удирдаж байхад нь гардуулж өгсөн. Хаврын чуулган эхэлснээс хойш УИХ-ын дарга Н.Учралтай хувьчилж уулзсан зүйл байхгүй. Ардчилсан Нам гацаагаагүй. 80 гишүүнтэй эвсэл яагаад ажлаа хийхгүй байгаа юм бэ" гэв.

Share this post: