Орос, Беларусийг паралимпт оролцуулахыг эсэргүүцэж Их Британи тэргүүтэй долоон улсын баг тамирчид нээлтийн ёслолд оролцохгүй
2026-03-06 - 03:36
Италийн Милан, Кортина хотод энэ сарын 6-наас 15-ныг дуустал паралимпын өвлийн наадам болно. Тус наадамд 56 орны 612 тамирчин спортын зургаан төрлөөр 79 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Тэгвэл маргааш эхлэх нээлтийн ёслолд ОХУ, Беларусийн баг тамирчид оролцохыг эсэргүүцэж Их Британийн Засгийн Газраас нээлтийн ёслолд тамирчдаа оролцуулахгүй болжээ. Олон Улсын Паралимпын Хороо (IPC)-ноос ийм шийдвэрийг өмнө нь Чех, Эстони, Финланд, Латви, Польш, Украин гаргасан гэж мэдэгдэж байв. Тус улсууд паралимпын нээлтийн ёслолд төлөөлөгчдөө илгээхгүй, тамирчид нь жагсаалд оролцохгүй гэсэн үг. Энэ талаар Их Британийн Засгийн Газраас гаргасан албан мэдэгдэлдээ "Украиныг эзлэн түрэмгийлэх ажиллагаа үргэлжилж байгаа энэ үед Орос, Беларусийн төлөөлөгчид олон улсын спортод оролцох ёсгүй гэдгийг өмнө нь тодорхой дурдсан" гэж онцолжээ. Гэхдээ тус улсын спортын сайд Стефани Пикок тамирчдаа дэмжих зорилгоор Италид ажиллахаа мэдэгдэв. IPC-гийн тэргүүн Андрю Парсонс 2014 оноос хойш анх удаа Оросын тамирчдыг өөрсдийн далбаатай өрсөлдөхийг зөвшөөрсөн шийдвэрээ зөвтгөжээ. Орос, Беларусийн цэргийн хүчин 2022 онд Украин руу довтолсноос хойш тэр жил зохион байгуулагдсан паралимпын наадамд тамирчдыг нь оролцохыг хориглосон билээ. Үүний зэрэгцээ АНУ, Израилийн хамтарсан цэргийн хүчин Ираны эсрэг дайн өдүүлсэн нь байдлыг улам хүндрүүлж байна. А.Парсонс өнгөрсөн есдүгээр сард гаргасан шийдвэрийнхээ талаар "Чуулганаас гаргасан уг шийдвэр ардчилсан зарчимд нийцэж байгаа. Бид талуудын оролцоог бүрэн хангасан паралимпын наадам зохион байгуулахыг зорьж буй. Бид энэ асуудлаар гурван удаа санал асуулга явуулсан. 2022 онд бүрэн түдгэлзүүлэх шийдвэр гаргасан бол 2023 онд хэсэгчлэн түдгэлзүүлж байсан. Харин өнгөрсөн онд гишүүдийнхээ дунд явуулсан санал асуулгаар тэдний эсрэг авсан арга хэмжээг цуцлах шийдвэр гаргасан юм" гэж тайлбарлажээ. Паралимпын өвлийн анхны наадам 1976 онд болж байв. Тиймээс түүхт 50 жилийнхээ ойд онцгой ач холбогдол өгч байгааг А.Парсонс онцолсон байна. Эх сурвалж: The Guardian