TheMongoliaTime

Богд уулын экосистемийн тэнцвэрийг хадгалахад экологийн зурвас байгуулах шаардлагатай

2026-03-03 - 07:27

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганаар зэрлэг амьтан, ургамлыг хамгаалах, зохистой ашиглах, олон нийтэд таниулах, тэдгээрийн үнэ цэнийг таниулах, сурталчлах зорилгоор жил бүрийн гуравдугаар сарын 3-ны өдрийг “Дэлхийн зэрлэг амьтан, ургамлын өдөр” болгон зарласан билээ. Энэ жилийн "World Wildlife Day 2026"-г “Эмийн болон анхилуун үнэрт ургамал: Эрүүл мэнд, өв соёл, амьжиргааг хамгаалах нь” сэдвийн хүрээнд тэмдэглэж байна Үүнтэй холбогдуулан "Богдхан уул ба Улаанбаатар хот орчмын ногоон бүс зэрлэг амьтны экологи, хамгаалал, тулгамдсан асуудал" сэдвээр хэлэлцүүлэг Цэнгэг Усны Нөөц, Байгаль Хамгаалах Төвд зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн үеэр Богд уулын халиун бугын тоо толгойд хийсэн судалгаагаа мэргэжилтнүүд танилцуулсан юм. Тэдний хийсэн судалгаагаар Монгол орны нийт тусгай хамгаалалттай газар нутгийн 30 хувь нь бугын тархац нутаг, голомт нутаг нь 50 орчим хувь нь хамгаалагдсан болохыг тогтоожээ. Уг судалгаагаар бугын амьдрах орчин хамт оршдог бусад таван төрлийн амьтантай хэрхэн давхацдагийг тодруулах зорилготой байв. Ялангуяа халиун буга ба бор гөрөөсний тархац нутгийн давхцал нь 60-100 хувь байгааг тогтоосон байна. Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Харин Богд ууланд хамгийн анх халиун бугын талаар 1940-оод оны дундуур Оросын эрдэмтэн В.Скалон буга цөөн тоогоор амьдарч байсныг Монгол Улсын Их Сургууль (МУИС)-ийн ректорын илтгэлд дурджээ. Үүнээс хойш хийсэн судалгаагаар бугын тоо толгой нэмэгдэж ирснийг эрдэмтдийн хийсэн судалгаагаар батлагджээ. Биологийн хүрээлэнгээс хийсэн судалгаагаар 1965 онд хийсэн тооллогоор 1,000 га талбайд 2,000, 1972 онд 1,000 га талбайд 3,000, 1978 онд 5,000, 1988 онд 3,500 байсан аж. 1993 онд судлаач Б.Доржготов нар бэлчээрийн тархцыг нь судлаад Богд ууланд 2,000 орчим буга байвал зохистой гэдэг тоон баримт гаргасныг мэргэжилтнүүд одоо ч баримталж явах нь зөв гэж үздэг байна. Харамсалтай нь 1990-ээд оны үед хууль бус агнуурын уршгаар хэдхэн жилийн дотор бугын тоо толгой эрс цөөрсөн байдаг. Тодруулбал 2007 оны өвөл хийсэн судалгаагаар 34 толгой буга Богд ууланд байгааг тогтоожээ. Харин өнгөрсөн онд хийсэн судалгаагаар 400 орчим буга байгаа гэж тооцжээ. Өнөөдөр Богд уулын ан амьтад бүрэн тусгаарлагдсан тул энэ тоо цаашид өсөх хандлагатай байх аж. Халиун бугыг ойн амьтан гэдэг боловч ой хээрийн нутагт голдуу амьдардаг амьтан. Зөвхөн нуугдах, унтахдаа ой мод руу ордог. Богд ууланд буга амьдрах бэлчээр нутаг нь 125 км квадрат. Энэ бол маш бага талбай юм. Мэргэжилтнүүд Богд ууланд амьдарч буй золбин нохойн тархцыг судалсан юм. Үүнээс харахад бугын амьдардаг тархац нутагтай давхцаж байгааг баталсан байна. Тиймээс Богд уулын экосистемийн тэнцвэрийг хангахад экологийн зурвас байгуулах шаардлагатайг тэд онцоллоо.

Share this post: