Ираны дайны асуудлаар Трампын илэрхийлсэн хоорондоо зөрчилтэй мэдэгдлүүдийг цаг хугацааны дарааллаар харуулбал
2026-03-25 - 02:24
Ираны эсрэг АНУ, Израилийн эхлүүлсэн дайн хэдхэн хоногийн дараа нэг сарынхаа ойтой золгох гэж байна. Өнгөрсөн хугацаанд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэ дайны талаар хоорондоо зөрчилтэй маш олон мэдэгдэл хийж байснаас харвал түүний засаг захиргаа анхнаасаа тодорхой төлөвлөгөөгүй, зорилгогүй байсан байж магадгүй гэсэн сэтгэгдэл төрүүлж байгаа. Ингээд Трампын хэвлэл мэдээллийн хэрэгслээр илэрхийлсэн байр сууриудыг цаг хугацааны дарааллаар хүргэж байна. Дайны үргэлжлэх хугацааны тухайд Гуравдугаар сарын 1: “Бид дөрвөөс таван долоо хоног гэж төлөвлөж байна” (New York Times) Гуравдугаар сарын 9: “Дайн бараг бүрэн дууссан гэж би бодож байна” (CBS) Гуравдугаар сарын 20: “Бид зорилгодоо хүрэхэд маш ойрхон байна” (Truth Social) Гуравдугаар сарын 20: “Бид ялсан гэж бодож байна...Тиймээс гал зогсоохыг хүсэхгүй байна” (Цагаан ордны хэвлэлийн хурал) Гуравдугаар сарын 23: “Хэрвээ хэлэлцээ бүтэлгүйтвэл...бид үргэлжлүүлэн бөмбөгдсөөр байх болно” (Флоридад болсон хэвлэлийн хурал) Яриа хэлэлцээний боломжийн талаар Гуравдугаар сарын 1: “Тэд ярилцахыг хүссэн. Бид ч хүсэж байна” (The Atlantic) Гуравдугаар сарын 3: “Тэд ярилцмаар байна гэсэн. Би хэтэрхий оройтсон гэж хэллээ” (Truth Social) Гуравдугаар сарын 21: “Тэдний талаас ярилцах хүн олдохгүй байна. Мэдээж бидэнд энэ нь сайн хэрэг” (Цагаан ордны хэвлэлийн хурал) Гуравдугаар сарын 23: “АНУ, Иран улсууд сүүлийн хоёр өдрийн турш маш сайхан, бүтээлч яриа өрнүүлснийг мэдээлэхэд таатай байна” (Truth Social) Ормузын хоолойд холбоотнууд хэрэгтэй эсэх тухай Гуравдугаар сарын 14: “Олон улс орон АНУ-тай хамтран хоолойг нээлттэй, аюулгүй байлгахын тулд байлдааны хөлөг онгоцнуудаа илгээх болно” (Truth Social) Гуравдугаар сарын 16: “Бид бусад улс орнуудыг бидэнтэй нэгдэж, хурдтай бөгөөд урам зоригтой ажиллахыг уриалж байна” (Цагаан ордны хэвлэлийн хурал) Гуравдугаар сарын 17: “Бидэнд хэний ч тусламж хэрэггүй!” (Truth Social) Ялалт хэзээ ирэх талаар Хоёрдугаар сарын 28: “Дайны зорилго бол Ираны баллистик пуужингийн чадавхыг устгаж, тэнгисийн флотын хүчийг сулруулж, хэзээ ч цөмийн зэвсэгтэй болгохгүй байх. Ираны дэмждэг бүс нутгийн зэвсэгт бүлэглэлүүдийг дахин аюул учруулах боломжгүй болгох” (Дайн эхэлснийг зарлах үеэр гаргасан мэдэгдэл) Гуравдугаар сарын 9: “Бид аль хэдийнээ олон талын ялалт байгуулсан” (Конгрессын бүгд найрамдахчуудын өмнө хэлсэн үг) Гуравдугаар сарын 13: “Би яс махандаа тултал мэдрэх үед л ялсан гэж үзнэ” (Fox Radio) Гуравдугаар сарын 21: “Хэрвээ Иран энэ цаг үеэс хойш 48 цагийн дотор Ормузын хоолойг бүрэн нээхгүй бол АНУ цахилгаан станцуудыг нь бөмбөгдөж эхэлнэ” (Truth Social) Гуравдугаар сарын 23: “Ираны цахилгаан станцуудыг чиглэсэн бүх цохилтуудыг хойшлуулах тушаалыг би дайны яамандаа өглөө” (Truth Social) Эх сурвалж: AFP