TheMongoliaTime

Популист амлалтаар удирдуулсан мөнгөний мод шүтэгсэд

2026-03-09 - 06:45

Иргэдийн санхүүгийн боловсролын сул хөрсийг бэлэн мөнгөний амлалтууд бордоо мэт тэжээж эцэст нь популистууд урган гарч байна. Мөнгөний мод Эдийн засагчид 2026 оны байр байдлыг зураглахдаа “Монголын эдийн засаг гадаад орчны савлагаанаас ихээхэн хамааралтай хэвээр байна. Макро орчин савлах үед хамгийн түрүүнд эрсдэлд өртдөг нь өртэй, хуримтлалгүй өрхүүд тул иргэн бүр өөрийгөө эрсдэлээс хамгаалах санхүүгийн дархлаатай байх ёстой” хэмээжээ. Ерөнхийдөө тэдний байнга захисаар ирсэн зүйл нь ердөө л энэ. Гэтэл Монгол Банкнаас 2022 онд гаргасан Монгол Улсын 15-69 насны нийт иргэдийн санхүүгийн мэдлэг, хандлагын талаарх түүвэр судалгаагаар 14 төрлийн санхүүгийн бүтээгдэхүүнээс иргэд ердөө “данс шалгах, мөнгө шилжүүлэх” л үйлчилгээнүүдийг хамгийн сайн мэддэг, түлхүү ашигладаг. Харин хадгаламж зээлийн хоршооны холимог хадгаламж, хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн зэрэг үйлчилгээний ойлголт хамгийн муу байгаа нь тогтоогджээ. Мөн иргэдийн 82% нь хуримтлуулахыг хичээдэг ч бодит хадгаламжтай нь ердөө 51% бөгөөд олонх нь 3 сая хүртэлх төгрөгийн хуримтлалтай болох нь банкан дахь иргэдийн хадгаламжийн тархалтын судалгаанаас харагддаг байна. Яагаад гэдгийг нэгэн энгийн атлаа хачирхалтай нийгмийн үзэгдэл батална. Мөнгөнд хандах монголчуудын сэтгэлзүйн бэлгэдэл болтлоо нутагшсан гэж хэлж болох “мөнгөний мод” олон айлын хойморт залаатай байдгийг та нэг бус удаа анзаарсан биз. Социализмын үед айл болгон сайн социалист иргэн гэдгээ батлах гэж Лениний хөргийг хоймортоо залдаг байсан бол зах зээлээс хойш мөнгө дуудахын тулд бараг айл бүрд байдаг болсон шүтээн энэ юм. Нийгэм шилжсэнээс хойш олон монголчуудын шүтдэг зүйл солигдсон ч бэлэн зүйл хүлээдэг дадал нь өөрчлөгдсөнгүй. Бидний энэ алдаа улс төрчдийн хамгийн сайн ашиглаж чаддаг зэвсэг болон тогтож эргээд бидэнд гай түйтгэрийг тарьсаар л байна. Мөнгийг тахин шүтэх байдал хариуцлагагүй буюу зээлийн хугацаагаа хэтрүүлдэг харилцагчдад түлхүү илэрдгийг 2021 онд нэгэн зээлийн аппликэйшний 10,000 гаруй хэрэглэгчдийн дунд хийсэн судалгаагаар баталсан байна. Энэ нь мөнгийг хэт шүтэх хандлага эсрэгээрээ мөнгөгүй байх шалтгаан болдгийг илтгэнэ. Модыг арчилж услахгүй бол хатаж хорчийх нь цаг хугацааны асуудал. Харин зөв тордож чадвал салаа бүрээс нь шинэ мөчир ургах биз ээ. Гэвч бид одоог хүртэл хоймортоо залсан мөнгөний модоо хэрхэн услахаа сайн ойлгоогүй л явна. Тиймдээ ч улс төрчдийн амлах мөнгөний чимээ сонсголонтой байх нь ч аргагүй. Иргэдийн 70% нь мөнгөө удирдах чадвартай гэж өөрсдийгөө үнэлдэг боловч бодит санхүү, эдийн засгийн мэдлэг болон санхүүгийн хандлага нь хангалтгүй буюу 100%-аас ердөө 49%-аар үнэлэгджээ. Өөрийнхөө ч мөнгөний учрыг олохгүй хүнд улс мөнгөө хэрхэн зарцуулж буй нь падлийгүй байх нь ойлгомжтой. Иймд эхлээд өөрийн хэтэвчин дэх мөнгөө цэгцэлчихвэл улс орныхоо төсөв, баялгийн хуваарилалт зэрэг асуудлууд руу ухаалгаар өнгийж харах сөхөөтэйгөө болох болов уу. Мөнгийг хэрэгсэл биш хүч гэж хардаг сэтгэлгээ хогийн ургамал шиг өрийн тойргийг бүтээдэг Иргэдийн 67% нь орлого нь зарлагаа нөхөж чаддаггүйгээс хэрэгцээгээ хангахын тулд зээлд найдах хандлагатай байдаг бөгөөд энэ нь бидний “хүний доор орохгүй” гэх сэтгэхүй яваандаа зээлд хэт хамааралтай болгож буйг илтгэнэ. Үр ашигтай зээл авч түүнийгээ алдалгүй төлж чаддаг хүн ХАРИУЦЛАГА алдахаас айдаг бол өрөнд ордог хүн хэнд ч юм бэ мэдэхгүй ЯЛАГДАХААС айдаг байна. Тодруулбал зээлийн хугацаагаа хэтрүүлдэг харилцагчдын 60% нь өөрийн нэр хүнд бусдад яаж харагдаж байгааг маш чухал гэжээ. Өөрөөр хэлбэл хугацаа хэтэрдэг харилцагчид нэр төрөө хэт их эрхэмлэх хандлагатай гэсэн сонирхолтой дүгнэлт гарсан байна. Олон жилийн турш үнэ цэнэ болох капиталаас илүү хэрэглээний зээлдээ баригдаж цалингийн боол болсон иргэдийн ийм гэнэн гэж хэлж болох санхүүгийн сул сахилга бат, хангалтгүй мэдлэг дээр улс төрчид олон жил тоглолт хийсээр энэ нь цаг хугацаа өнгөрөх тусам улам төгсөрсөөр л байгааг хэд хэдэн жишээ батална. Бордоо биш хор цацсан он жилүүд Тодорхой нэгэн жишээг авч үзье. Иргэдийн богино хугацааны хүлээлтэд нийцсэн шууд өгөөжийн амлалтаар их хэмжээний цаг хугацаа, боломжоо алдсан нэгэн салбар бол уул уурхай юм. Хоржоонтой нь энэ салбар монголд хамгийн их мөнгө оруулж ирж буй гэдгийг бид бүгд мэднэ. Өнгөрсөн оны мэдээллээр л гэхэд уул уурхайн салбарын төлсөн татвар, хураамж нь улсын төсвийн орлогын ойролцоогоор гуравны нэгийг бүрдүүлж байгаа бол эдийн засгийн дам нөлөөгөөрөө төсвийн орлогын тал илүү хувьд хүрэхүйц жин дарж байна гэж тус салбарын мэргэжилтнүүд үздэг. Гэсэн ч иргэдэд энэ үр шимийг нь анзаарахаас илүү бэлэн мөнгө авах хүсэл л илүү төлөвшсөн гэж хэлж болно. Үндэсний статистикийн хороо болон Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас авсан мэдээллээр 2006-2021 онуудад УИХ-ын гишүүд иргэдийн байгалийн баялгаас хишиг хувь хурдан хүртэх гэсэн очийг өдөөхөөр олон гэнэтийн хуулиудыг баталж байжээ. Эдгээрийн балгаар уул уурхайн салбарт орж ирэх ёстой байсан гадаадын шууд хөрөнгө оруулалт, ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо эрс буурсан байдаг. Зөвхөн хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо гэхэд л 2010-2021 онд 2,979-891 хүртлээ огцом цөөрсөн байна. Тэр дундаа 2006 онд баталж 2011 онд цуцлагдсан Гэнэтийн ашгийн татварын тухай хууль хамгийн их сөрөг нөлөөг үзүүлснийг СЭЗИС-аас 2024 онд гаргасан судалгаанд дурджээ. Уг хуулийг мөн л тухайн үеийн УИХ-аас санаачлан баталсан бөгөөд хэдийгээр салбарын мэргэжилтнүүд эсэргүүцэж байсан ч “уул уурхайн компаниуд их ашиг олж байна. Үүнийг ард түмэнд хүртээх ёстой” гэх хэт популист хандлагаар эдийн засгийн үр нөлөөг тодорхойлох судалгаа ч хийлгүйгээр маш хурдан баталсан байдаг. Улмаар богино хугацаандаа татварын орлого нэмэгдсэн ч алсдаа энэ нь ирээдүйн уурхайнуудын эх үүсвэрийг хумих нөхцөл болжээ. Уг хуулийн уршгаар гадаадын шууд хөрөнгө оруулалтын шийдвэрүүд хойшлогдож, монгол бодлогын тогтворгүй орон гэсэн “имиж” авч эхэлсэн гэдгийг мэргэжилтнүүд одоо ч халаглан ярьдаг билээ. Энгийнээр энэ нь нийтийн санхүүгийн боловсрол сул байх тусам богино хугацааны ашиг хуваарилах нь урт хугацааны бодлогоос илүү дэмжлэг авдаг гэдгийг баталсан түүхэн жишээ болж үлджээ. Өөрсдөө ч мэдэхгүйгээр сэтгэхүйдээ суулгасан үр Популист амлалтад дуртай байх хандлага хэрхэн төлөвшсөнийг эргэн нэг харцгаая. 2005 оноос эхэлсэн халамжийн мөнгөн олголтууд иргэдэд төрөөс бэлэн мөнгө авах хүлээлтийг бий болгож, 2010 оноос сонгуулийн амлалтын нөлөөгөөр хийсэн мөнгө тараалт байгалийн баялгийн өгөөжийг шууд хүртээх ёстой гэх ойлголтыг тогтоов. Харин 2019 оноос 1072 хувьцааны ногдол ашгийг бодитоор олгож эхэлснээр баялгаас жил бүр бэлэн мөнгө авах хүлээлт гүнзгийрч цаашлаад цар тахлын үеийн нэг удаагийн бэлэн дэмжлэг энэ итгэлийг бүр мөсөн баталгаажуулсан гэж хэлж болно. Мөнгө тараалтын улмаас нийгэмд тогтсон сэтгэлзүйн мөчлөгийг задлан харвал: 2005 оноос төрөөс бэлэн зүйл авах хэвшил тогтож хүүхдийн мөнгө олгож эхэлсэн энэ үеэс халамж нь эдийн засгийн бодлого биш улс төрийн амлалт болох соёлын эхлэл тавигджээ. 2010 оноос байгалийн баялгийн үр өгөөжийг иргэн бүрд тэгш хүртээхээр Хүний хөгжлийн сангаас иргэн бүрд сар болгон 21,000 төгрөг олгох болон бусад халамжийн мөнгийг олгож байсан нь хамгийн анх байгалийн баялгаас шууд бэлэн мөнгө хүртэх ёстой гэх ойлголтыг төлөвшүүлэв. 2019 оноос хувьцааны үнэлгээ, компанийн өсөлтийг анхаарах бус “Энэ жил хэдэн төгрөг өгөх бол” гэсэн байнгын хүлээлттэй, ажил хийхээс илүү ногдол ашиг авч амьдрах хүсэлтэй иргэд олшров. 1072 хувьцааны ногдол ашиг бодитоор олгогдож эхэлсэн нь иргэдэд хөрөнгийн зах зээлийн соёлыг төлөвшүүлэхээс илүү улс төрчдөөс өгч буй бэлэг мэт суртал ухуулгууд ихээр явсны уршгаар ашигтай ажилласан үгүй нь хамаагүй мөнгө л авах ёстой гэх бодлыг нийгмийн зарим хэсэгт гүн суулгажээ. Энэ нь хүн амын 57% нь ирээдүйгээс илүү одоо байгаа нөхцөл байдалдаа анхаарлаа хандуулдаг /2012 он/, иргэд ихэнхдээ 1 сараар буюу цалингаас цалингийн хооронд амьдрахаар санхүүгээ тооцоолдог /2022 он/ гэх судалгааны дүгнэлтүүдийг улам бататгаж байна. Иргэдийн бэлэн мөнгө хүлээх сэтгэлзүй хүчтэй хэвээр байсаар байвал улс төрчид богино хугацааны амлалт өгч оноо авсаар л байх болно. Улмаар тогтворгүй хууль болон богино настай бодлогууд гарсаар л байна. Эргээд энэ нь дам нөлөөллөөрөө эдийн засгийг савлуулж, өрхүүдийн орлого тогтворгүй болсноор бэлэн дэмжлэг хүлээх сэтгэлзүй улам гүнзгийрэн мөнхийн тойрогт эргэлдсээр байх төлөв ажиглагдаж байна. Мэдлэгийн үрийг хэрхэн тарих вэ? Одоо бид цаашид юу хийх ёстой вэ? Энэ асуултад хариулахын тулд санхүүгийн боловсролын асуудлыг дахин сөхөхөөс өөр аргагүй. Нийтлэлийн эхэнд дурдсан Монголбанкны судалгаатай адил буюу 2023 онд гарсан OECD/INFE-н насанд хүрсэн иргэдийн санхүүгийн боловсролыг олон улсаар харуулсан судалгаанд дийлэнх санхүүгийн мэдлэг сул улсын иргэд нь урт хугацааны төлөвлөгөө, хөрөнгө оруулалт, зээл ба эрсдэлийн ойлголт дээр сул байгаа нь ажиглагджээ. Харин санхүүгийн мэдлэг, зан төлөв, хандлагын нийлбэр оноогоороо хамгийн өндөр оноотой нь Герман улс бөгөөд 100 онооноос 76 оноогоор үнэлэгдсэн байна. Германы насанд хүрэгчдийн ойролцоогоор 85% нь санхүүгийн мэдлэгийн доод босгыг хангасан буюу 7 асуултаас дор хаяж 5-д нь зөв хариулжээ. Харин тус улсын иргэд улс төрд хэрхэн ханддагийг харахад санхүүгийн мэдлэг өндөртэй иргэд нь улсын өрийг тийм ч том асуудал гэж үздэггүй бөгөөд мэдлэг багатай иргэд нь засгийн газартаа илүү итгэдэг хандлагатай байдаг аж. Монгол улстай байгаль цаг уурын нөхцөл, уул уурхайд түшиглэсэн эдийн засаг гээд олон талаараа ижил төстэй Казакстан улсын иргэдийн санхүүгийн мэдлэг 60%, санхүүгийн хандлага 65% ба санхүүгийн боловсролын чадамж 59% байжээ. Энэхүү үзүүлэлт нь манай улстай харьцуулахад 10 орчим хувиар өндөр үзүүлэлт юм байна. Түүнчлэн Казахстан улс газрын тосны орлогоос бүрддэг үндэсний сан байгуулж, баялгийн орлогоо шууд тараах бус хуримтлуулан макро тогтвортой байдлыг хангахад ашигладаг байна. Энэ нь иргэдийнх нь санхүүгийн мэдлэг, хуримтлалын соёл харьцангуй өндөр байгаатай холбоотой байж болно. Харин Монгол иргэд санхүүгийн шийдвэр гаргахдаа авдаг зөвлөгөө, мэдээллийн эх сурвалж нь ойр дотны хүмүүс болон олон нийтийн сүлжээ бөгөөд зарим хэсэг нь энэ талаар огт мэдээлэл авч чаддаггүй байна. Иймд сүүлийн жилүүдэд эдийн засагчид иргэдийг санхүүгийн боловсролтой болгох чиглэлд түлхүү анхаарч эхлээд буй. OECD-ийн зөвлөмжөөр олон улс санхүүгийн боловсролыг сургуулийн үндсэн хөтөлбөрт оруулж, бага наснаас нь мөнгөний үнэ цэнийг ойлгуулах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг байна. Тухайлбал: Сингапур улс бүх насны иргэддээ чиглэсэн “MoneySense” үндэсний санхүүгийн боловсролын хөтөлбөрөөрөө иргэдийнхээ амьдралын үе шат бүрд нь тохирсон хуримтлал, хөрөнгө оруулалтын мэдлэгийг шат дараатай тогтмол олгодог аж. Уг хөтөлбөрөөс иргэдийг санхүүгийн зөв шийдвэр гаргах чадвартай болгоход төрөөс системтэйгээр дэмжиж буйг харж болно. Сингапурын иргэдийн санхүүгийн мэдлэгийн түвшин харьцангуй өндөр бөгөөд дэлхийн дунджаас дээгүүрт тооцогддог байна. Финлянд улс иргэдийнхээ санхүүгийн боловсролыг дэмжих дэлхийн хамгийн шилдэг жишээ гэж үнэлэгддэг бөгөөд 2030 он гэхэд дэлхийд тэргүүлэх санхүүгийн боловсролтой улс болох зорилготой үндэсний стратегийг хэрэгжүүлж байгаа аж. Бага наснаас нь эхлэх уг үндэсний сургалтын хөтөлбөр нь хуримтлал, хөрөнгө оруулалт, өрийн удирдлага зэрэг сэдвийг хамардаг байна. Уг стратеги нь зөвхөн сургуулиар хязгаарлагдахгүй. Цагаачид, ахмад настан, бие даан амьдрах эхлэлээ тавьж буй залуус зэрэг бүлгүүдэд чиглэсэн боловсрол олгож, хэнийг ч орхигдуулахгүй байхыг зорьдог аж. Эдгээртэй адил дэлхийн улсуудын олон жишээнээс санхүүгийн боловсрол нь зөвхөн хувь хүний асуудал биш, төрийн бодлого, иргэний ухамсар гэсэн хос тулгуур дээр тогтохыг харж болно. Иймд санхүүгийн боловсрол гэдэг ганц удаагийн сургалт бус, иргэн бүрийн амьдралынхаа туршид эзэмших суурь чадвар юм. Дэлхийн олон улс иргэдээ хуримтлалтай, санхүүгийн хариуцлагатай болгох бодлогыг системтэй хэрэгжүүлж байхад бид бодлогынхоо түвшинд ч энгийн өрхийнхөө түвшинд ч тэр бэлэн хэрэглээний сэтгэлгээнд гацсаар байх уу гэдэг асуулт гарч ирж байна. Өнөөдрийн популист амлалт маргаашийн өрийг нэмдэг бол санхүүгийн мэдлэг ирээдүйн боломжийг нэмэгдүүлдэг. Ухаалаг иргэн богино хугацааны ашиг бус урт хугацааны тогтвортой хөгжлийг шаарддаг. Харин ийм шаардлага тавьж чаддаг иргэд олшрох тусам улс төрийн бодлого ч урт хугацаанд чиглэж эхлэх болов уу. Мэдлэг дутуу нийгмийг популист амлалт амархан удирдсаар л байх болно. Бэлэн мөнгө хүлээсэн сэтгэхүй иргэдийг зээлд хэт хамааралтай болгож энэ нь улс төрчдөд богино хугацааны амлалт өгөх орон зайг олгон улс орны урт хугацааны стратегийг хойш татсаар байна. Өөртөө хайртай, хуримтлалтай, хөлсөө дуслуулж олсон мөнгөө зөв зүйлд хөрөнгө оруулалт хийж чаддаг хүнд өнөө маргаашийн талхны мөнгө хэрэггүй. Харин зээлээс зээлийн тойрогт хүлэгдэж цалингийн боол болсон хүнд талхны мөнгө байтугай НӨАТ-ын буцаалтын 5,000 төгрөг ч хэрэгтэй, чих тавин хүлээх зүйл нь болсон. Ямар иргэн байна, тийм л бодлого, төр бий болдог гэдэг хатуу үнэнтэй эвлэрэх цаг хэдийн иржээ ИРГЭД ЭЭ. Түүнчлэн бэлэн мөнгөний амлалт өнөө үед шийдэл биш, хоцрогдсон арга болсон гэдгийг цаг үе өөрөө хэлээд байна УЛС ТӨРЧИД ӨӨ. Ашигласан судалгаанууд: Монголбанк-Иргэдийн санхүүгийн мэдлэгийн түвшин тогтоох судалгаа 2022 СЭЗИС- Уул уурхайн салбарын гадаадын шууд хөрөнгө оруулалтын Монгол Улсын нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөө судалгаа 2024 Финтек хэрэглэгчийн сэтгэл зүй ба зан төлөв” судалгаа 2021 OECD/INFE 2023 international survey of adult financial literacy

Share this post: