TheMongoliaTime

"Трамвайны Сүхбаатарын талбайгаас Зунжин хүртэл явах шугамыг Оросын компани барих саналаа илэрхийлсэн"

2026-02-26 - 00:57

Нийслэлийн төсвийн тодотголд 350 тэрбум төгрөгийг суулгаж, трамвай төсөлд зарцуулахаар хэлэлцэж буй. Энэ талаар нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай "Нийслэлийн 2026 оны төсвийн тодотголд Улаанбаатар трамвай төсөлд 350 тэрбум төгрөгийг тусгасан. Төслийг хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэх боломжтой. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх сонгон шалгаруулалтыг зарлахад төслийн хоёрдугаар шугамыг барих оролцогч гараагүй. Төсөл нь Сүхбаатарын талбайгаас Яармаг чиглэлийн замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах ач холбогдолтой. Сэлбийн орон сууцны борлуулалтын эх үүсвэрээр нийслэлийн орлогыг нэмэгдүүлж урьдчилгаа төлбөрийг 2026 онд төлөхөөр төлөвлөсөн. Трамвай төслийн нэгдүгээр шугам Зунжингаас Сүхбаатарын талбай хүртэл, хоёрдугаар шугам нь Сүхбаатарын талбайгаас Яармагийн замаар явж, хуучин Буянт-Ухаад хүрнэ. Трамвайны шугамыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр буюу хувийн хэвшил өөрсдөө зардлаа гаргаж хэрэгжүүлэх сонгон шалгаруулалтыг хуулийн дагуу гурван үе шаттай явуулсан. Трамвайны хоёрдугаар шугам нь санхүүгийн хувьд 28 жилийн эргэн төлөх нөхцөлтэй байсан тул оролцогч тал санал илэрхийлээгүй. Харин нэгдүгээр шугам буюу Сүхбаатарын талбайгаас Зунжин хүртэл явах чиглэлийн шугамыг Оросын компани барих саналаа илэрхийлсэн. Хуулийн дагуу уг шугамын эцсийн шатны сонгон шалгаруулалтыг хувийн хэвшил өөрөө мөнгөө гаргаж хэрэгжүүлэх нөхцөлөөр үргэлжлүүлж байгаа. Хоёрдугаар шугамыг барих оролцогч тал байхгүй тул нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх дүгнэлтийг ажлын хэсгээс энэ оны нэгдүгээр сарын сүүлээр гаргасан учир төсвийн тодотголд 350 тэрбум төгрөгийг оруулсан юм. 2026 онд трамвайны хоёрдугаар шугамыг барих ажлыг эхлүүлэх шийдэлд хүрсэн" гэж мэдээлэв. Энхтайвны гүүрийг засварлахдаа трамвайны шугамтай уялдуулахаар болжээ. Трамвайны нэгдүгээр шугамыг барих төсөвт өртөг 1.2 их наяд, хоёрдугаар шугамыг барих төсөвт өртөг 1.5 их наяд буюу нийт өртөг 2.7 их наяд төгрөг байна.

Share this post: