Перл Харборын түүхийг Трамп сануулсан нь Японы ерөнхий сайдыг тавгүйдүүлэв
2026-03-20 - 01:33
Пүрэв гарагт Цагаан ордонд Японы ерөнхий сайд Санае Такаичийг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хүлээн авч уулзсан юм. Уулзалт онцгой найрсаг уур амьсгалтай эхэлсэн ч Трамп яриандаа 1941 онд Японы эзэн хааны арми Перл Харборт халдсан түүхийг дурссан нь тэнд байсан хүмүүсийг гайхшируулжээ. Японы нэг сэтгүүлч АНУ, Израил улсууд хоёрдугаар сарын 28-ны өдөр Ираны эсрэг дайн эхлүүлэхдээ яагаад холбоотнууддаа урьдчилж дуулгаагүйг нь Трампаас асуусан юм. “Бид сюрприз барихыг хүссэн учраас хэнд ч хэлээгүй. Сюрпризийг Японоос өөр хэн илүү сайн мэдэх билээ? Тийм биз?” гэж Трамп үүнд хариулжээ. Тэр дараа нь “Та нар яагаад Перл Харборын тухай урьдчилж мэдээлээгүй юм бэ? Тийм биз?” гэж Такаичи руу хараад хэлсэн байна. Энэ үеэр Японы ерөнхий сайд юу ч хэлээгүй боловч царай нь хувирч, илт тавгүйрхэж, бага зэрэг санаа алдаж байв. АНУ, Японы сэтгүүлчдээр дүүрсэн өрөөнд хэн нэгний шүүрс алдах чимээ бас сонсогджээ. 1941 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөр Хавай мужийн Перл Харбор дахь АНУ-ын цэргийн бааз Японы эзэн хааны армийн гэнэтийн халдлагад өртөж, их хэмжээний хохирол амсаж байв. Энэ халдлага АНУ-ыг дэлхийн хоёрдугаар дайнд оролцоход шийдвэрлэх түлхэц болсон юм. Халдлагын үеэр 2,400 гаруй америк хүн алагдсаныг ерөнхийлөгч Фрэнклин Д. Рузвельт зарлаж байжээ. Хариуд нь АНУ түүхэндээ цорын ганц удаа атомын бөмбөг хэрэглэсний үр дүнд Япон улс ялагдаж, дайн дуусаж байв. Олон арван жилийн турш АНУ-ын үнэнч холбоотон байсан Япон улсын нийгэмд өнгөрсөн дайны тухай дурсамж эмзэг сэдэв хэвээр байгаа. Ерөнхий сайд Такаичи өөрөө үндсэрхэг үзэлтэн бөгөөд өмнө нь энэ дайныг Япон улс өөрийгөө хамгаалахын тулд хийсэн гэж тайлбарлаж, Япон улс Азийн улс орнуудаас хэтэрхий их уучлал гуйж байгааг шүүмжилж байжээ. Трамп өмнө нь бас Германы канцлер Фридрих Мерцтэй уулзахдаа мөн дэлхийн хоёрдугаар дайны түүхийг сануулж байсан удаатай. Тухайлбал тэр Францын эрэгт холбоотнуудын цэрэг буусан “D” өдрийг “таны хувьд таагүй өдөр байсан” гэж канцлерт хэлж байжээ. Эх сурвалж: AFP