TheMongoliaTime

Трампыг Израилийн урхинд орж, дайн дэгдээсэн гэж шүүмжилсэн АНУ-ын терроризмын эсрэг төвийн тэргүүн огцорлоо

2026-03-18 - 02:23

АНУ-ын терроризмын эсрэг тэмцэх агентлагийн өндөр албан тушаалтан засаг захиргааныхаа Ираны эсрэг явуулж буй дайныг эсэргүүцэж байгааг мэдэгдээд огцрох хүсэлтээ гаргажээ. “Би Иранд үргэлжилж буй дайныг хүн чанарынхаа үүднээс дэмжиж чадахгүй” гэж АНУ-ын Терроризмын Эсрэг Үндэсний Төвийн захирал Жозеф Кент ерөнхийлөгчид илгээсэн захидалдаа бичсэн байна. 11 удаагийн байлдааны ажиллагаанд оролцож байсан “Green Beret” тусгай хүчний алба хаагч асан Кент “Иран улс манай үндэстэнд ямар ч аюул занал учруулаагүй бөгөөд бид энэ дайныг Израиль болон түүний Америк дахь хүчирхэг лобби бүлгийн дарамт шахалтын улмаас эхлүүлсэн нь тодорхой” гэж захидалдаа бичжээ. Тэрбээр Ираны дайныг эсэргүүцсэн шалтгаанаар огцорсон Трампын засаг захиргааны анхны өндөр албан тушаалтан болж байна. “2025 оны зургаадугаар сарыг хүртэл Ойрх Дорнодын дайнууд бол Америкийн эх орончдын амь насыг хохироож, улс үндэстний маань баялаг, хөгжил цэцэглэлтийг шавхсан урхи гэдгийг та ойлгож байсан. Энэ засаг захиргааны эхэн үед Израилийн өндөр албан тушаалтнууд болон Америкийн хэвлэл мэдээллийн салбарын нөлөө бүхий төлөөлөгчид таны Америк Нэгдүгээрт гэсэн платформыг бүрэн үгүйсгэж, Ирантай дайтахыг уриалсан ташаа мэдээллийн кампанит ажлыг өрнүүлж байлаа. Үүний үр дүнд таныг Иран улс АНУ-д шууд аюул занал учруулж байгаа, тиймээс яг одоо цохих ёстой, ялалт гарцаагүй гэсэн ойлголтод итгүүлжээ. Энэ бол худал бөгөөд Израилчууд биднийг Иракийн эсрэг дайнд татан оруулахдаа ашигласан тактиктай адил юм” гэж Кент захидалдаа үргэлжлүүлэн бичжээ. Тэрбээр цааш нь “Би Америкийн ард түмэнд ямар ч ашиг тусгүй, Америкчуудын амь насыг үрсэн дайнд дараа үеийнхнийгээ илгээхийг дэмжиж чадахгүй” гэж мэдэгдсэн байна. Энэ талаар сэтгүүлчид тодруулахад Трамп түүний огцрох болсныг “сайн хэрэг” гэж хариулжээ. “Би түүнийг аюулгүй байдлын асуудал дээр сул дорой, маш сул дорой хүн гэж үргэлж боддог байсан” гэж Трамп хэлсэн байна. Хэт барууны үзэлтнүүдтэй нэр холбогдож байсан Кент өнгөрсөн оны долдугаар сард Сенатын гишүүдийн 52:44 харьцаатай саналаар томилогдож байжээ. Түүний тэргүүлдэг Терроризмын Эсрэг Үндэсний Төв улс орныхоо өмнө тулгарч буй терроризмын аюул заналыг илрүүлэх, судлах үүрэгтэй байдаг. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Каролин Ливитт түүний захидалд “маш олон худал баримт” байгааг сошиал хуудсандаа шүүмжлэн бичсэн байна. “Ерөнхийлөгч Трампын тодорхой мэдэгдсэнчлэн Иран улс АНУ руу түрүүлж довтлох гэж байгааг батлах хангалттай баримт байсан. Энэхүү баримтыг олон эх сурвалжаас цуглуулсан. Ерөнхийлөгч Трамп хэээ ч гадаад дайсны эсрэг зэвсэгт хүчнээ дайчлах шийдвэрийг үндэслэлгүй гаргахгүй” гэж тэр мэдэгджээ. Израилийн нөлөөнд автсан гэх Кентийн мэдэгдлийг тэр няцаахдаа “Ерөнхийлөгч Трамп энэ шийдвэрийг бусдын, тэр ч байтугай гадаад улсын нөлөөнд үндэслэн гаргасан гэх утгатай мэдэгдэл нь доромжлол бөгөөд инээдтэй хэрэг юм” гэж бичсэн байна. Кент огцорсон нь Трампыг тойрон хүрээлэгчдийн дунд Ираны дайнаас үүдэлтэй хагарал үүссэнийг харуулж байгаа юм. Трампын засаг захиргаанд орохоосоо өмнө Кент хоёр ч удаа Вашингтон мужаас Конгрессын сонгуульд өрсөлдөөд ялагдаж байжээ. Тэр бас цэргийн алба хааж, Тагнуулын Төв Газарт ажиллаж байсан юм. Кентийг томилогдоход хэт барууны үзэлтнүүдтэй холбоотой байсан, хуйвалдааны онолд автсан гэсэн үндэслэлээр Ардчилсан Намынхан эрс эсэргүүцэж байв. Гэвч Бүгд Найрамдахчууд суудлын давуугаар түүний томилгоог баталж байжээ. Эх сурвалж: Reuters

Share this post: