АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп: Ираны дараа Кубын дэглэмийг нураах нь “цаг хугацааны асуудал”
2026-03-06 - 03:56
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Цагаан ордонд Интер Майами хөлбөмбөгийн багийн тамирчдыг хүлээж авах үеэрээ Куба улсын коммунист дэглэмийг түлхэн унагах санаагаа дахин илэрхийлжээ. Энэ үеэр тэр эхлээд Кубын эдийн засгийг боомилох чиглэлд гүйцэтгэж буй “гайхалтай сайн” ажил үүргийнх нь төлөө төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиод талархал илэрхийлсэн юм. “Кубад өрнөж буй үйл явдал гайхалтай. Бид эхлээд энэ ажлаа (Иран) дуусгамаар байна. Гэхдээ тэр (Куба) бол цаг хугацааны л асуудал” гэж Трамп хэлжээ. Трампын засаг захиргаа анхнаасаа Кубын коммунист дэглэмийг байнга заналхийлсээр ирсэн бөгөөд одоо эдийн засагт нь үзүүлэх дарамт шахалтаа эрс нэмэгдүүлээд байгаа. Нэгдүгээр сард Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог баривчилсныхаа дараа Трамп тус улсаас Кубыг чиглэсэн газрын тосны нийлүүлэлтийг зогсоосон нь Хаванын эрх баригчдад хүнд цохилт болсон юм. Сүүлийн үед Трампын засаг захиргаа АНУ-ын цэрэг зэвсгийн хүчин чадлыг дэлхийн олон бүс нутагт харуулах болсны нэг нь Латин Америк болоод байгаа. “Бид маш олон чиглэлд асар их амжилт гаргаж байгаа. Би анхны бүрэн эрхийнхээ хугацаанд цэрэг зэвсгийн хүчээ бэхжүүлсэн. Одоо үүнийхээ үр дүнг мэдэрч байна. Венесуэлээс үүнийг харж болно. Бас өнөөдөр Иранд болж буй үйл явдлын суурийг тавьсан “Midnight Hammer” ажиллагаанаас үүнийг харж болно. Үнэхээр гайхалтай” гэж Трамп гайхуулан ярьжээ. “Midnight Hammer” нь өнгөрсөн оны зургаадугаар сард Ираны цөмийн байгууламжуудыг агаараас устгах зорилготой явуулсан ажиллагааны нэр юм. Эх сурвалж: AFP