TheMongoliaTime

Холбоотнуудаа “хулчгар” гэж доромжилсон Трамп нэмэлт цэргийн хүчээ Ойрх Дорнодод илгээв

2026-03-21 - 01:44

Ираны эсрэг явуулж буй дайныг нь дэмжихгүй байгаа НАТО-гийн холбоотнуудаа АНУ-ын ерөнхийлөгч “хулчгар” гэж доромжилжээ. Мөн тэр нэмэлт цэргийн хүчээ Ойрх Дорнодод илгээх шийдвэр гаргасан байна. Баасан гарагт Трамп сошиал хуудсандаа нийтэлсэн мэдэгдэлд “АНУ-гүйгээр НАТО бол ЦААСАН БАР!” гэж бичжээ. Тэрбээр Ираны эсрэг дайн эхлүүлэхдээ уламжлалт холбоотнууддаа урьдчилж дуулгаагүй, зөвшилцөөгүй. Гэсэн хэдий ч өнөөдөр Ираны хяналтад байгаа Ормузын хоолойн ачаа тээврийн замын аюулгүй байдлыг хангахад хамтрахыг уриалж байгаа. “Тэд газрын тосны өндөр үнийн талаар гомдоллож байгаа ч үүний цорын ганц шалтгаан болсон Ормузын хоолойг нээхэд туслахыг хүсэхгүй байна. Энэ бол маш энгийн маневр бөгөөд тэдний хувьд маш амархан, маш бага эрсдэлтэй” гэж Трамп бухимдлаа илэрхийлжээ. Эцэст нь тэр “ХУЛЧГАРУУД, бид та нарыг САНАЖ ЯВАХ БОЛНО!” гэж сүрдүүлсэн байна. Пүрэв гарагт Герман, Их Британи, Франц, Итали, Нидерланд, Япон, Канад улсууд хамтарсан мэдэгдэлдээ “Хоолойгоор аюулгүй нэвтрэх боломжийг хангах хүчин чармайлтад” нэгдэхээ амласан. Гэхдээ зөвхөн дайныг зогсоосон тохиолдолд гэж нэгдэх нөхцөлөө тодорхой заасан юм. Баасан гарагт АНУ-ын батлан хамгаалах яам Ойрх Дорнодод олон мянган тэнгисийн явган цэрэг, далайчдыг нэмж илгээхээр болсныг Вашингтоны албаны эх сурвалжууд мэдээлжээ. Энэ нь Ираны нутаг дэвсгэрт хуурай замын байлдааны ажиллагаа явуулах төлөвлөгөөний нэг хэсэг биш ч цаашдын үйл ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэх зорилготой гэнэ. Пүрэв гарагт Трамп ямар ч цэргийн хүч нэмж илгээх төлөвлөгөө байхгүй, хэрвээ ингэх бол мэдээлэл өгөхөө сэтгүүлчдэд амлаж байсан юм. Гэвч үүний дараа USS Boxer довтолгооны хөлгийг бусад дагалдах хөлгүүд болон тэнгисийн явган цэргийн ангийн хамт Ойрх Дорнод руу илгээсэн нь тодорхой болжээ. Албаны эх сурвалжийн мэдээлснээр 2,500 орчим цэргээс бүрдэх нэг анги АНУ-ын баруун эргээс хөдөлсөн бөгөөд гурван долоо хоногийн дараа зорилтот байрлалдаа хүрэх юм байна. Өөр нэг явган цэргийн анги Энэтхэг-Номхон далайн баазаас гарсан нь ирэх долоо хоногт Ойрх Дорнодод хүрэх ажээ. Одоогоор Ойрх Дорнодын бүс нутагт АНУ-ын 50,000 орчим цэргийн алба хаагч байрлаж байгаа. Зарим ажиглагчид уг нэмэлт цэргийн хүчийг Ираны эрэгт байлдааны ажиллагаа явуулж, Ормузын хоолойд хяналт тогтоох зорилготой байж магадгүй гэж үзэж байна. Үүнээс гадна Ираны газрын тосны экспортын 90 хувь дамждаг Харк арлыг эзлэх төлөвлөгөөний нэг хэсэг ч байж болох юм. Ямар ч хэмжээний хуурай замын цэргийн хүч ашиглах нь Трампын хувьд улс төрийн томоохон эрсдэл дагуулах болно. Тэрбээр сонгуулийн үеэр АНУ-ыг Ойрх Дорнодын шинэ мөргөлдөөнд оролцуулахгүйгээ амлаж байсан тул энэ үйлдэл нь Америкийн олон нийтийн санааг эсрэг эргүүлж болох юм. Баасан гарагт Ираны дээд удирдагч Аятолла Можтаба Хаменигийн бичгээр гаргасан мэдэгдлийг тус улсын төв телевизээр уншиж танилцуулжээ. Персийн шинэ жил Наурызийг тохиолдуулан гаргасан уг мэдэгдэлдээ тэр хүнд сорилтын өмнө тууштай зогсож буй иранчуудын эр зоригийг магтсан байна. Өчигдөр бас Ираны зэвсэгт хүчний хэвлэлийн төлөөлөгч, генерал Аболфазл Шекарчи дэлхий даяарх “паркууд, амралт зугаалгын газрууд, аялал жуулчлалын бүсүүд” нь Тегераны дайснуудын хувьд аюулгүй газар биш болохыг анхааруулжээ. Энэ сүрдүүлэг нь Ираны эрх баригчид Ойрх Дорнодоос бусад газар нутагт зэвсэгт халдлагууд зохион байгуулах замаар АНУ, Израилд үзүүлэх дарамтаа нэмэгдүүлэх зорилготой байж магадгүй гэсэн болгоомжлол төрүүлж байна. Эх сурвалж: Reuters

Share this post: