TheMongoliaTime

Ираны багийн ахлагч Австралийн олгосон улс төрийн орогнолоос татгалзаж, эх орондоо буцахаар болжээ

2026-03-16 - 02:37

Өнгөрсөн долоо хоногийн эхээр Азийн Цомын төлөө эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн тэмцээнд оролцсон Ираны шигшээ багийн долоон гишүүнд Австралийн засгийн газар улс төрийн орогнол олгож байв. Тэднийг тэмцээний үеэр Ираны төрийн дууллыг эсэргүүцсэний дараа эх орондоо буцвал аюултай гэж үзээд Австралийн эрх баригчид ийм арга хэмжээ авсан юм. Энэ үед Ираны төв хэвлэл тэднийг “эх орноосоо урвагчид” хэмээн шүүмжилж байв. Гэвч тэдгээрийн тавынх нь санаа эргэж, эх орондоо буцахаар болжээ. Ням гарагт Ираны шигшээ багийн ахлагч Захра Ганбари улс төрийн орогнолоосоо татгалзаж, буцахаар болсон тав дахь хүн болсон байна. Перс хэл дээрх гадаад эх сурвалжууд тэдний ард үлдсэн гэр бүлийг Ираны дэглэмийнхэн айлган сүрдүүлсэн тул шийдвэрээсээ буцах болсон гэж тайлбарлажээ. Харин Ираны төв хэвлэлүүд тамирчдыг нь дарамталж үлдээхийг оролдсон гэж Австралийн засгийн газрыг буруутгаж байна. Багийн ахлагч, хамгийн олон гоолын эзэн Захра Ганбари улс төрийн орогнол хүссэн өргөдлөө татан авч, эх орондоо буцахаар Малайз руу ниссэнийг Ираны төв хэвлэл өчигдөр мэдээлжээ. Өмнөх өдөр нь мөн буцах шийдвэр гаргасан гурван тамирчин, нэг техникийн ажилтан одоо Малайз улсад очоод байгаа юм. Ингэснээр улс төрийн орогнол хүссэн хоёр тамирчин одоо Австралид үлдэж байна. Ираны футзалын тамирчин асан, одоо гадаадад дүрвээд байгаа Шива Амини тамирчдын ар гэрийнхнийг Тегераны эрх баригчид маш хатуу дарамт шахалтад оруулсан талаар сонссоноо сошиал хуудсаараа мэдээлжээ. Гадаадад үйл ажиллагаа явуулдаг сөрөг хүчний Iran International телевизийн суваг бас ийм мэдээлэл авснаа баталсан байна. Тухайлбал Исламын Хувьсгалт Гвардын тагнуулын албаныхан Ганбаригийн ээжийг байцааж, дараа нь энэ тухай охинд нь мэдээлсэн гэнэ. Австралийн ерөнхий сайд Энтони Албаниз тамирчдын эр зоригийг магтаж, тэднийг хүлээж авахад хэзээд бэлэн байгаагаа илэрхийлжээ. Харин Ираны төв хэвлэл буцах болсон тамирчдаа “эх оронч шийдвэр” гаргасан гэж магтсан байна. Эх сурвалж: AFP

Share this post: