Тбилисийн Их Дуулгад манай есөн жүдоч өрсөлдөнө
2026-03-09 - 07:06
Энэ сарын 20-ноос 22-ныг дуустал Гүржийн нийслэл Тбилиси хотод жүдогийн Их Дуулга тэмцээн болно. Одоогоор 56 орны 456 жүдоч бүртгүүлсэн тус тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн есөн жүдоч өрсөлдөхөөр болжээ. Тодруулбал эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Б.Сүхбат, Н.Мэндсайхан, 66 кг-ын жинд Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий хүрэл медальт К.Ёолк, Ө.Жанцандорж, 73 кг-ын жинд олимпын хүрэл, дэлхийн аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин Ц.Цогтбаатар, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд А.Мишээл, 57 кг-ын жинд М.Цэндбазар, 63 кг-ын жинд дэлхийн хошой хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин Л.Энхрийлэн, -78 кг-ын жинд Ж.Урангоо нар зодоглох юм. К.Ёолкийн хувьд өнгөрсөн ДАШТ-ээс медаль хүртсэнээс хойш оролцох хоёр дахь тэмцээн нь энэ аж. Тэрбээр өнгөрсөн оны сүүлээр Парисын Их Дуулгад оролцсон аж. Гэмтлийн улмаас хэсэг хугацаанд барилдаагүй Ц.Цогтбаатар саяхан улсын аваргадаа түрүүлсэн юм. Тэр хамгийн сүүлд 2024 оны тавдугаар сард Казахстаны Их Дуулгад өрсөлдсөн юм.