TheMongoliaTime

"Авьяаслаг америкчууд" шоуны шигшээ шатанд шалгарч байсан Дэлхийн Таеквондогийн Холбооны үзүүлэх баг Монголд ирнэ

2026-03-09 - 08:17

Монголын Таеквондогийн Холбооныхон өнөөдөр Монголын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ)-ны хурлын танхимд хэвлэлийн бага хурал зохион байгуулсан. Уг хурлаар ирэх тавдугаар сарын 19-нөөс 26-ныг дуустал Улаанбаатар хотод олимпын таеквондогийн Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ААШТ) зохион байгуулахаар болсныг зарласан юм. Энэ үеэр буюу ААШТ-ий нээлтэд Дэлхийн Таеквондогийн Холбооны үзүүлэх баг ирж, тусгай үзүүлбэрээ сонирхуулахаар болсныг холбооны зүгээс зарласан. Мөн "Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн тэмцээний үеэр Д.Сүхбаатарын талбайд тусгай үзүүлбэрээ сонирхуулахаар болжээ. Дэлхийн Таеквондогийн Холбоо (WT) 1973 онд БНСУ-д байгуулагдсан. Тэд богино хугацаанд буюу ердөө 15 жилийн дараа 1988 оны Сөүлийн олимпод үзүүлэх тэмцээн, 1992, 1996 оны олимпод туршилтаар багтаад 2000 оноос олимпын гэр бүлд багтсан түүхтэй. Тэгвэл тус холбооны зүгээс таеквондогийн спортыг дэлхийд таниулах зорилгоор 2009 оноос үзүүлэх багийг байгуулжээ. Үүнээс хойш Ватикан, Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын төв байр, Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ны музей зэрэг олон үйл явдлын "онцгой зочин" болж байв. 2019-2021 онд тус багийнхан Итали, Францын "Got Talent" телевизийн шоу нэвтрүүлгийн шигшээ шатанд шалгарсан удаатай. Түүнчлэн 2021 онд АНУ-ын NBC телевизийн онцгой эрхтэйгээр олонд хүргэдэг "Авьяаслаг америкчууд" шоуны 16 дахь улирлын шигшээ шатанд шалгарч байжээ. Нийт 22 гишүүнтэй тэдний үзүүлбэр мэргэжлийн америк хөлбөмбөгчин байсан ч хожим телевизийн нэртэй хөтлөгч болсон Терри Крюст таалагдсанаар "Golden Buzzer"-аар шигшээ шатанд шалгарсан билээ. Шоу нэвтрүүлгийн турш гурван үзүүлбэр үзүүлснээр тэд 2021 оны улирлын ТОП 10-т багтсан юм. Сонирхуулахад хоёр жилд нэг удаа болдог ААШТ-д Монгол Улсаас нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж байв. Хамгийн сүүлд 2021 оны тивийн тэмцээнээс эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Д.Чинзориг хүрэл медаль хүртсэн удаатай.

Share this post: