TheMongoliaTime

"Эрчим хүчний асуудлыг ХҮН нам авч явна. УИХ-ын гишүүн Б.Найдалаа, Б.Ганзориг нарын нэрийг Ерөнхий сайдад хүргүүлсэн"

2026-03-18 - 04:33

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Боловсролын сайд П.Наранбаяр нар Засгийн газрын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад өгсөн тухайгаа УИХ-ын хаврын чуулганы нээлтийн үеэр мэдээлсэн. Тэгвэл УИХ-ын чуулганы маргаашийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын шинэ гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэхээр байгаа юм. Үүнтэй холбогдуулан ХҮН намын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж дараагийн шинэ сайдын нэрийг Ерөнхий сайдад хүргүүлжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн, шадар сайд Т.Доржханд өнөөдөр мэдээлэл өглөө. Тэрбээр "Ерөнхий сайдтай өчигдөр уулзаж ярилцсан. ХҮН намын үндсэн мөрийн хөтөлбөр, Эрчим хүчний реформыг эхлүүлээд явсан агуулгын хүрээнд Эрчим хүчний асуудлыг ХҮН нам аваад явах нь зүйтэй гэдэг ойлголцолд хүрсэн. П.Наранбаяр сайд сайн ажилласан. Хүнд сорилтуудтай тулгарсан, салбарын бодит цалинг өсгөсөн. 2026 оныг боловсролын жил болгож зарлуулах бүх ажлыг хийсэн. Хариуцлага тооцоод сольж байгаа зүйл биш гэж би хүлээн авч байгаа. Дараагийн сайдад УИХ-ын гишүүнийг нэр дэвшүүлж таарна. УИХ-ын гишүүдээс саналыг сонсож, өчигдрийн Удирдах зөвлөлийн хурлаар дэлгэрэнгүй ярилцсан. Хоёр нэр дэвшигчийн асуудал яригдаж байна. Нэг нь УИХ-ын гишүүн Б.Найдалаа, Б.Ганзориг нарын хооронд хэлэлцүүлэг явсан. Өнөөдрийн байдлаар холбогдох хүмүүсийнхээ нэрийг өгсөн. Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрээ гаргах байх. Ж.Золжаргал хүн эрчим хүчний инженер хүн. Өөрөө хүсэлтээ илэрхийлсэн бол түүнийг нь Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлээд явах боломж байсан. Хурал дуусаад шийдвэрээ гаргасан. Эрчим хүчний салбар дээр заавал мэргэжлийн хүн байх ёстой гэдэг агуулгатай би санал нийлдэггүй. Б.Найдалаа гишүүн бид хоёр үеэлүүд биш, нэг нутгийн хамааралтай. Нэг нутгийнх гэдэг асуудлыг улс төр хийж, нам байгуулснаас хойш мэдэж байгаа. Манай аав Завхан аймгийнх, ээж маань Увсынх. Б.Найдалаагийн аав нь Увсын Завхан сумын хүн" гэв.

Share this post: