Казахстаны референдум ба яагаад дарангуйлагчид референдумд дурладаг тухай
2026-03-19 - 02:53
Өнгөрсөн ням гарагт манай хамгийн ойрын гуравдагч хөрш, Төв Азийн хамгийн нөлөө бүхий орон болох Казахстан улс шинэ Үндсэн хуулиа батлах талаар бүх нийтийн санал асуулга буюу референдум явууллаа. Сонгогчдын 72% оролцсоны 90% нь дэмжсэн Казахстаны шинэ Үндсэн хуульд орж байгаа гол өөрчлөлтүүд гэвэл ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэмж, хоёр танхимтай парламентыг нэг танхимтай Хуралдай болгож, дэд ерөнхийлөгчийн орон тоо бий болгож, олон улсын гэрээ конвенцыг дотоодын хуулиас доогуур болгож, орос хэлний статусыг үл ялиг бууруулж, өөрсдийгөө их талын нүүдэлчин соёлтой гэдгээ тунхагласныг онцолж болно. Ер нь Токаев ерөнхийлөгч байр сууриа бэхжүүлж, хэрхэн ажлаа өгөх, яаж залгамжлагчаа томилохоо энэ хуулиар тодорхой болгох шиг боллоо. Тэрнээс биш парламентыг бэхжүүлж, ардчилал хүний эрхийг бататгана гэсэн албан ёсны зорилго нь шинэ Үндсэн хуульд харагдсангүй. Энэ бол Токаев ерөнхийлөгчийн санаачлан зохион байгуулсан 3 дах референдум юм. 2022 онд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, 2024 онд цөмийн цахилгаан станц барих тухай референдум хийж байсан туршлагатай. Ганцхан Токаев л референдум хийх дуртай байдаг юм биш, дэлхийн улс орнууд хийж л байдаг. Манайд ч гэсэн сүүлийн үед туг далбаа, сүлдээ өөрчлөх асуудал хаанаас ч юм яригдаж эхлээд сүүлдээ энэ асуудлыг ерөнхийлөгчийг дахин улираах тухай асуулттай зэрэгцүүлэн референдум хийж магадгүй тухай яриа гарч байгаа нь худлаа ч байж магадгүй. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ референдумын тухай анхааруулах нь зүйтэй байх. Референдумд авторитар удирдагчид туйлын дуртай байдаг. Тэр бол тэдний хийх юмсан гэж мөрөөддөг зүйлсийг бодит болгодог шидэт саваа. Яагаад? Юун түрүүнд референдум нь ардчилсан хэрэгсэл юм шиг харагддаг. Ард түмнээсээ шууд асуухаас илүү ардчилсан зүйл юу байх вэ. Тиймээс референдумын шийдвэр шууд легитим чанартай болж, дотоод гадаадаас янз бүрийн дарамт, шүүмжлэл ирэх нь бага. Манай ард түмэн ингэж хүсэж байна, би яах юм гэдэг тайлбар тавьдаг. Референдум хийснээр парламент, засгийн газар, ҮЭ гэх мэт инститүцүүдийг шууд алгасах боломж олгодог. Мэдээж аливаа улсын элитүүд олон ашиг сонирхолтой, нэг хүний дор байх, эрх мэдлээ алдах дургүй. Тэдэнтэй зөвшилцөх, тэдний эсэргүүцлийг дарах гэж цаг алдсанаас референдум хийх нь амар байдаг. Тэдэнгүйгээр шийдвэр гаргаснаар инститүцүүд суларч, нэр хүндгүй, нөлөөгүй болж хувирдаг. Референдум хийхэд сөрөг хүчин хуваагддаг. Зарим нь референдумд оролцохгүй ирцээр бойкотлох, зарим нь референдумд эсрэг санал өгөхөөр уриалж эцэст нь сөрөг хүчнийхэн нэгдсэн байр суурьгүй ялагддаг. Референдумын асуултын эсрэг нэгдсэн зохион байгуулалтад орох, нэгдсэн тактик гаргах цаг гардаггүй. Ихэнхдээ богино хугацаанд нийгэмд хэлэлцүүлэг хийх, бодох хугацаа өгдөггүй. Нэг талаас төр, нөгөө талаас тархай бутархай зохион байгуулалтгүй хүмүүс л тулдаг. Референдумын үр дүнг луйвардахад амархан байдаг. Сонгуулиар ядаж намуудын ажиглагчид, гишүүд хянаж байдаг, ямар нам хэдэн хувь авах нь ерөнхийдөө тодорхой болсон байдаг бол референдумд ийм хяналт, хүлээлт байдаггүй. Ийм болохоор л авторитар лидерүүд референдум хийх дуртай байдаг. Ямар ч ардчилсан бус, харваас хууль бус асуудал байсан ч референдумаар дамжуулж түүнийг хууль ёсны болгож хувиргадаг. Өөрсдөө санаачлаад, өөрсдөө зохион байгуулаад, өөрсдөө тоолоод, өөрсдөө үр шимийг нь хүртдэг тийм л сайхан хэрэгсэл. Тиймээс аливаа референдумын санал санаачилгад болгоомжтой хандах хэрэгтэй, ард нь хэний ямар эрх ашиг байна гэж хэрсүү хандах хэрэгтэй. Та бүхэнд ойлгомжтой болгох үүднээс сүүлийн 10 гаран жил дэлхийд болсон референдумууд, түүний үр дүнгийн талаар толилуулж байна. Уншигч та дүгнэлтээ өөрөө хийнэ буй заа. Улс Он Удирдагч Асуулга Гарсан үр дүн ОХУ 2020 Путин Ерөнхийлөгчийн сонгогдсон хугацааг тэглэх Үндсэн хуулийн өөрчлөлт Путин ерөнхийлөгч 2036 он хүртэл үргэлжлүүлж ажиллах нөхцөл бүрдсэн Түрк 2017 Эрдоган Парламентын тогтолцоог ерөнхийлөгчийн тогтолцоо руу шилжих Ерөнхийлөгч эрх мэдлээ нэмэгдүүлсэн Венесуэл 2009 Чавез Ерөнхийлөгчийн сонгогдох хугацааны хязгаарлалтыг үгүй болгох Хугацаагүйгээр дахин дахин сонгогдох боломжтой болсон Египет 2019 Фата Эль Сиси Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэмэгдүүлэх Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт Сиси ерөнхийлөгч дор хаяж 2030 он хүртэл засаглах боломжтой болсон Боливи 2016 Моралес 4 дэх удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдох боломж олгох тухай Санал асуулгаар ялагдсан ч шүүхээр ялсан Руанда 2015 Кагамэ Сонгогдож болох хугацааны хязгаарлалтыг өөрчлөх Кагамэ 2034 он хүртэл засаглах боломжтой болсон Казахстан 2022 Токаев Назарбаевийн нөлөө бүхий инститүцүүдийг үгүй болгож байр сууриа бэхжүүлэх Үндсэн хуулийн шинэчлэл Токаевийн эрх мэдэл бэхэжсэн Беларусь 2004 Лукашенко Ерөнхийлөгчийн сонгогдох хугацааны хязгаарлалтыг үгүй болгох Хугацаагүйгээр дахин дахин сонгогдох боломжтой болсон Узбекистан 2023 Мирзоев Сонгогдож болох хугацааны хязгаарлалтыг өөрчлөх Үндсэн хуулийн өөрчлөлт 2040 он хүртэл засаглах боломжтой болсон Тунис 2022 Саид Ерөнхийлөгчийн засаглалтай болох шинэ Үндсэн хууль батлах Ерөнхийлөгчийн засаглалтай болсон Казахстан 2026 Токаев Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэмэх, парламентыг нэг танхимтай болгох шинэ Үндсэн хууль батлах Санал асуулгаар дэмжигдсэн