TheMongoliaTime

“Kpop Demon Hunters” энимэйшн киноны шагналын хэсгийг Оскарын ёслолын үеэр хязгаарласан нь үзэгчдийг бухимдуулав

2026-03-17 - 04:06

Ням гарагийн орой Лос Анжелес хотод болж өнгөрсөн Академийн Шагнал гардуулах ёслолоос Нэтфликсийн “Kpop Demon Hunters” бүтээл шилдэг энимэйшн кино, түүний "Golden" дуу киноны шилдэг дууны хоёр шагналыг хүртэж, түүхэн дээд амжилт үзүүлсэн юм. Гэвч уран бүтээлчдийнх нь шагналаа гардаж авсан тайзны хэсгийг богиносгож, хэлэх үгийг хязгаарласан зохион байгуулагчдын үйлдэл үзэгчдийг, ялангуяа Өмнөд Солонгосын иргэдийг бухимдуулаад байна. Тухайлбал “Golden” дууны шагналыг гардуулах үеэр хамгийн түрүүнд “Kpop Demon Hunters” киноны Huntrix зохиомол хамтлагийн гишүүн Румигийн хоолойг бүтээсэн дуучин EJAE талархлын үгээ хэлсэн бол дараа нь продюсер И Юү Хан сэтгэгдлээ хэлж эхлэхэд зохион байгуулагчид түүний үгийг шууд тасалж, тайзны хөгжмийг тоглуулжээ. Сүүлд арга хэмжээний бичлэгийг бүрэн үзсэн хүмүүс бусад шагнал авсан уран бүтээлчдийн үг хэлсэн хугацаа хамаагүй урт байсныг анзаарсан байна. Тухайлбал “Best Original Song” шагналын өмнө зарлагдсан “Best Cinematography” шагналын эзэд тайзан дээр дөрвөн минутын турш сэтгэгдлээ илэрхийлсэн бол “Golden” дууны уран бүтээлчдийнх хоёр минут ч хүрээгүй нь харагджээ. Сошиал орчинд хүмүүс энэ ялгавартай байдлыг кино “солонгос хэл дээр бүтээгдсэн, эсвэл Ази уран бүтээлчдийн кино болохоор ингэлээ” хэмээн шүүмжилцгээж байна. “Kpop Demon Hunters” кино шилдэг энимэйшн бүтээлийн шагнал авах үеэр энэ байдал давтагджээ. Тухайлбал уг киноны найруулагч нар болох Мэгги Кан, Крис Аппелханс нарыг үгээ хэлсний дараа продюсер Мишел Воныг микрофонд ойртох үеэр мөн л шагнал гардуулах хэсэг өндөрлөсний илэрхийлэл болох тайзны хөгжмийг тоглуулсан байна. Өнгөрсөн оны зун нээлтээ хийсэн “Kpop Demon Hunters” кино саяхан 500 сая үзэлтийн босгыг давсан нь Нэтфликсийн түүхэн дээд амжилт болсон юм. Оскарын хоёр шагнал, Нэтфликс платформын дээд амжилт нь уг киног дэлхийн зах зээлд хамгийн сайн хүрсэн Солонгосын сэдэвтэй энимэйшн төрлийн уран бүтээл болгож байна. Эх сурвалж: Korea Times

Share this post: