TheMongoliaTime

ХасБанк Үндэсний ногоон барилгын “BestGer” стандартын анхны гэрчилгээнүүдийг гардууллаа

2026-03-18 - 05:22

Монгол орны эрс тэс уур амьсгал, иргэдийн амьдралын хэв маягт бүрэн нийцсэн "BestGer" ногоон барилгын үнэлгээ хийлгэсэн анхны амины орон сууцнууд гэрчилгээгээ гардаж авлаа. BestGer стандарт нь 2025 оноос хэрэгжиж эхэлсэн Монголын ногоон барилгын анхны бөгөөд ХасБанк өөрийн санхүүжүүлсэн эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцнуудад уг үнэлгээг хийлгэн, ийнхүү гэрчилгээг нь олголоо. ХасБанк 2019 онд "Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны зээл"-ийг зах зээлд анхлан нэвтрүүлснээс хойш энэ чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн. Өнгөрсөн хугацаанд банкны зүгээс зөвхөн зээл олгоод зогсохгүй, зах зээлийг тэлэх, нийлүүлэгчдийг дэмжих, тэдний чадавхыг бэхжүүлэх хөтөлбөрүүдийг тогтмол хэрэгжүүлж, ногоон барилгын экосистемийг бүрдүүлэхэд манлайлан ажилласан. Тэр дундаа ХасБанк санхүүжүүлж буй эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц бүр дээрээ дунджаар 3 сая орчим төгрөгийн зардал гарган мэргэжлийн аудиторуудаар барилгын явц болон эрчим хүчний бодит хэмнэлтийг хөндлөнгийн хяналтаар баталгаажуулж ирсэн. Тэгвэл өнөөдрийг хүртэл тус зээлийн бүтээгдэхүүн нь голчлон дулаан алдагдалгүй байх буюу эрчим хүчний хэмнэлтийн үзүүлэлтэд төвлөрдөг байсан бол "BestGer" стандарт нэвтэрснээр энэхүү зээлийн бүтээгдэхүүн илүү олон талт, цогц үзүүлэлт бүхий шинэ хуудсыг нээж байна. "BestGer" буюу Best Governance in Efficiency and Resilience систем нь олон улсын EDGE, LEED зэрэг стандартуудаас ялгаатай нь Монгол орны эрс тэс уур амьсгал, ган зуд, газар хөдлөлт зэрэг байгалийн эрсдэлийг тооцсон "тэсвэржилт" буюу Resilience гэх чухал шалгуурыг багтаасан юм. Үүний зэрэгцээ барилгын засаглал, материалын чанар, усны хэмнэлт, дотор агаарын цэвэр байдал болон хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөллийг цогцоор нь үнэлж байгаа нь ХасБанкны ногоон санхүүжилтийн үр өгөөжийг улам бүр нэмэгдүүлж байна. Ингэснээр иргэд зөвхөн дулаан байшинтай болоод зогсохгүй, санхүүгийн боломжид нийцсэн, байгалийн аюулд тэсвэртэй, эрүүл аюулгүй орчныг баталгаажуулсан үндэсний стандартын орон сууцанд амьдрах боломж бүрдэж байна. ХасБанк Ногоон барилгын хүрээлэнтэй хамтран үндэсний шинэ стандартыг ийнхүү амжилттай хэрэгжүүлж эхэлсэн нь барилгын салбарын ногоон шилжилтийг хурдасгахад чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй байна. Бид цаашид ч дэвшилтэт технологи, байгаль орчинд ээлтэй шийдлүүдийг дэмжсэн санхүүгийн бүтээгдэхүүнээр дамжуулан харилцагчдынхаа амьдралын чанарыг дээшлүүлж, тогтвортой хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсаар байх болно.

Share this post: